БАГАНУУР ХК 2024-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

“Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтны зөвлөгөөний үеэр компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал 2024-2028 онд хэрэгжүүлэхийг зорьж буй төсөл хөтөлбөрүүдээ зөвлөгөөнд оролцогч зочдод танилцууллаа. Үүнд:

1. Үйлдвэрлэлийн нүүрс олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж 8.0 сая.тн-д хүргэх төсөл. Энэхүү төсөл Монгол улсын төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, компанийн өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой. Төсөл хэрэгжсэнээр нүүрс олборлолтын хүчин чадал нэмэгдэж 8.0 сая.тн-д хүрэх юм.

2. Нүүрс химийн үйлдвэр төсөл. Нүүрсийг ашиглан өндөр технологид түшиглэсэн, байгаль орчинд сөрөг нөлөө багатай загвар үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрчим хүч, хатуу болон шингэн түлш, аж үйлдвэрийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.

Төслийн хүчин чадал, үзүүлэлт:

– Нүүрс химийн үйлдвэрийн 1-р үе шатыг 2026 онд эхлүүлж жилд 0.5 сая.тн нүүрсийг хийжүүлэх, нийлэгжүүлэх аргаар метанол үйлдвэрлэж түүнээс 300.0 мян.тн нийллэг хий суурьтай ахуйн болон хийн түлш /хүхэргүй, үнэргүй, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох бүтээгдэхүүн/ үйлдвэрлэнэ.

– Нүүрс химийн үйлдвэрийн 2-р үе шатыг 2027 онд эхлүүлж жилд 2.5 сая.тн нүүрснээс метанол суурьтай 500.0 мян.тн полипропелин /хуванцарын түүхий эд/, 190.0 мян.тн автобензин үйлдвэрлэнэ.

3. Багануурын цахилгаан станц төсөл. Төслийн зорилго: Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээ, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна Дорнод бүс, Өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах шинэ эх үүсвэр бий болж, системийн найдвартай ажиллагаа хангагдах бүрэн боломжтой болно.

Төсөл хэрэгжсэнээр:

– Төвийн бүсийн эрчим хүчний системийн 2026-2030 оны хэрэглээний өсөлтийг бүрэн хангах.

– Жилд 2.160.00 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх.

– Шинээр 300 ажлын байр бий болох.

– Өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудад, аж үйлдвэрийн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэрийн боломж бүрдэнэ.

– Дулаан, цахилгаан эрчим хүч хослон үйлдвэрлэх ба 2х200 МВт-ын хүчин чадалтай 2 блокийн хамгийн их дулааны эрчим хүчний хэмжээ 143 Гкал/цаг байна.

4. Нүүрс бутлан ачих байгууламж №03 шинээр барих төсөл. Уг төсөл нь төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилготой.

5. Зүүн бүсийн засвар механикийн үйлдвэр байгуулах төсөл. Энэхүү төсөл нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгох ажлын хүрээнд уурхайн машин тоног төхөөрөмжийн элэгдэж эвдэрсэн эд анги, метал хийцийг сэргээн засаж, үйлдвэрлэх зорилготой.

6. “Төмөр динозавр” түүх соёл, аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл. Уг төсөл нь уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг жишиг болгож уурхайн үйл ажиллагаа, үр ашгийг олон нийтэд сурталчилах, бүс орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Share this story!