БАХАРХАЛ ДҮҮРЭН УУРХАЙЧДЫН БАЯР

Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 102 жил, уурхайчдын баярын өдрийг Эрдэнэс Монгол нэгдлийн 2024 оны “Алтан эрдэнэ”-ийн цомын эзэн, Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур Хувьцаат Компанийн уурхайчин хамт олон бахархал дүүрэн өнгөрүүллээ.

Уурхайчдын баярын үйл ажиллагаанд Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Даваасүрэн, Багануур ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд, Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Төгөлдөр, Багануур дүүргийн засаг даргын орлогч Б.Балжинням нар хүрэлцэн ирж, уурхайчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ.

46 жилийн түүхтэй уурхайн баярын хурлыг 46 сурагч “Уурхайчны өчил” шүлгээр эхлүүлсэнд уурхайчин хамт олон туйлын талархалтай байв. Баярын хурлыг нээж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал хэлсэн үгэндээ: 2024 он бол уурхайчид бид бүхэнд ивээлээ хайрласан сайхан жил байлаа. Хэдийгээр санхүү, байгаль цаг агаарын бэрхшээлтэй байсан ч Багануур ХК-ийн уурхайчин хамт олон бид бүхэн 2024 онд 18.1 сая шоо метр хөрс хуулж, 4.7 сая.тн нүүрс олборлон борлуулж, нийт 29.1 сая шоо метр уулын цулын ажил хийснээр төлөвлөгөөт зорилтоо биелүүлэн ажиллаж, монгол улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг түлшээр найдвартай ханган ажиллаж байна. Мөн бид санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан нийгмийн даатгалын өр төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны зээлээр хэрэгжүүлсэн техник шинэчлэлийн 23,5 тэрбум төгрөгийн өрийг 2024 онд бүрэн төлж тэглэлээ хэмээгээд компанийнхаа болон уурхайчдынхаа ажил, амжилтаас дурдаад Багануурын уурхайчид би бүхэн өнгөрсөн 46 жилд нүүрсээ зөвхөн олборлодог байсан бол ирэх 46 жилд олборлосноо боловсруулж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хамт олох болох зорилт тавин олон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. 2025 оноос эхлээд төслүүд маань эхнээсээ хэрэгжих шийдвэрийг Монгол улсын Засгийн газар гаргаад байна хэмээгээд уурхайчдадаа болон уригдсан зочдод баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Дараа нь Уул уурхайн салбарт тэр тусмаа Багануур ХК-нд олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо галыг манах их үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж өчигдөрхөн төрийн дээд одон медалиар шагнуулсан эрхэм уурхайчдадаа хүндэтгэл үзүүллээ.

Баярын хурлын шагнал гардуулах ёслол үргэлжилж эрдэс баялаг, аж үйлдвэрийн болоод эрчим хүчний салбарын шагналаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа уурхайчдыг шагналаа. Мөн 2024 онд ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлэн манлайлж ажилласан оны шилдэг ажилтнуудад хөдөлмөрийн аварга, оны тэргүүний ажилтны шагналыг гардуулснаар шагналын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Уурхайчдын баяр дээр баяр нэмж The voice шоуны шилдэг оролцогчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барьснаас гадна Багануур ХК-ийн дэргэдэх дуу хөгжмийн “Илч” хамтлагийн 2,3,4-р үеийн уурхайчин уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүллээ. Ийнхүү эх орныхоо галыг бид манадаг гэсэн бахархалтай, манах үүрэгтэй гэсэн хариуцлага тээж ажилладаг уурхайчид баярын өдрөө бахархал дүүрэн өнгөрүүллээ.

Share this story!