
ГАЛЫН БУРХАНД ЗУЛ ӨРГӨМҮЙ
- Posted on
- admin
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, уул уурхайн салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Пунсалмаагийн Очирбатын гэгээн дурсгалд зориулав.
П.Очирбат нь 1942 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд мэндэлсэн. Хүүгээ номтой хүн болгоорой хэмээсэн аавынх нь захиасыг биелүүлэхээр ижии нь Завхан сайхан нутгаасаа бага насны хүүгээ дагуулан хүрээг зорьсон хэмээдэг. Тэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт суурьшиж П.Очирбат Налайхын их уурхайн ажил амьдралыг мэдэрч өссөн байдаг. Пунсалмаагийн Очирбат 1961-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхай ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.
Хөдөлмөрийн гараагаа Шарын голын уурхайн ерөнхий инженерээр эхлэн улмаар салбарын яамны орлогч сайд, сайдаар дэвшин ажилласан намтартай тэрээр Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын үед АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, бүх ард түмнээр сонгогдсон анхны Ерөнхийлөгчөөр 1993-1997 онд ажиллаж байв. Анхны Ерөнхийлөгчөөр уул уурхайн инженер хүн сонгогдсон нь эрдэс баялгийн салбарын ажилтнуудын хувьд бахархалтай үйл явдал байлаа.
1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайдаар ажилласан жилүүддээ Эрдэнэтийн зэс молибдений орд газрыг эзэмших техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд гар бие оролцож, зохион байгуулан, Төвийн бүсийн нүүрсний хэрэгцээг хангах, Налайх, Шарын голын уурхайнуудыг өргөтгөх, Багануурын нүүрсний уурхайг байгуулах, орон нутагт нүүрсний уурхай нээх ажлыг зохион байгуулалцсан байдаг.
Улмаар улс ардын аж ахуй цэцэглэн хөгжихийн хирээр эрчим хүчний дутагдалд ороод байсан 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайдаар ажилласан он жилүүддээ өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга байгуулалтын хамт иж бүрнээр нь барих, 3-р цахилгаан станцын өргөтгөлийг дуусгах, 4-р цахилгаан станцын зураг төслийг боловсруулж батлах, барьж эхлэх, Улаанбаатар хотын дулаан хангамжийн схемийг хийж батлуулах, дулаан шугам сүлжээг хөгжүүлэх шинээр барих, ЗХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд орох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан ажээ.
1990 оны гуравдугаар сарын 21-нээс есдүгээр сар хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сарын 3-наас 1992 оны 2 дугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны 2 дугаар сарын 12-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээснээр 1997 оны 6 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.
Улс орон даяар өрнөсөн нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих өөрчлөн байгуулалтын сөрөг үр дагавар Налайх, Шарын гол, Багануурын уурхайг тойроогүй. Тухайлбал, шилжилтийн эхэн үед Багануурын уурхайд ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцаж, чадварлаг Монгол инженер, мэргэжилтнүүд хувийн хэвшлийг сонгон ажлаас гарч, сэлбэг хэрэгсэл нийлүүлж байсан төвлөрсөн тогтолцоо устсанаас хангамж муудаж тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаанд нөлөөлсөн.
Мөнгөний ханш унаж хэрэглэгчдийн нүүрс худалдан авах чадвар буурснаас гадна, хэрэглэгчид авсан нүүрснийхээ үнийг цагт нь төлөхгүйгээс их хэмжээний авлага жил дамжин хуримтлагдаж, уурхайн санхүүгийн нөхцөл байдал хүндрэлд орж байв. Үүнээс улбаалан үйлдвэрлэлийн хэмжээ 1992 оноос эхлэн дараалан буурч 1994 онд хамгийн бага буюу 2.7 сая тонн нүүрс олборлож Монгол улс гал алдахад хүрээд байлаа. Уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулж, хэрэглээ нь буураагүй төвийн районы нүүрсний хэрэгцээг хангахад олон бэрхшээл тулгарч байсан юм.
Олон жилийн улбаатай хөрс хуулалтын хоцрогдол эдгээр он жилүүдэд улам нэмэгдэж түүний хирээр олборлох нүүрсний нөөц буурахад хүрч дотоод овоолгын нуралт, гулсалт гарч нээсэн нүүрс, уулын тоног төхөөрөмжийг дарж, осол аваарь гаргахад хүргэж байлаа.
Эдгээр хүндрэл бэрхшээлээс гарах гол арга зам нь тээвэртэй хөрс хуулалтын хэмжээг нэмэгдүүлж, дотоод овоолгын ачааллыг багасгах шаардлагатай байсан хэдий ч энэ ажлыг гүйцэтгэх үүрэг бүхий төмөр замын хөрс хуулалт энэ зорилтыг хангаж чадахгүй байсан юм. Иймээс уурхай өөрийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автын тээвэртэй хөрс хуулалтыг явуулж эхэлсэн нь тухайн үедээ үр дүнгээ агч байсан хэдий ч нөхцөл байдал илүү их тээвэртэй хөрс хуулахыг шаардаж байсан ч түүнийг хийх техник хэрэгсэл хүрэлцэхгүй байлаа.
1993,1997 онд Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат Багануурын уурхайд хүрэлцэн ирж уурхайчдын ажил амьдралын байдалтай танилцаж, зөвлөмж өгч нүүрсний хангамжийг нэмэгдүүлэхэд тусалсан юм.
Тэр үеэс Дэлхийн банкны Техник туслалцааны төсөл ч эхэлсэн билээ. 1993-1996 онуудад Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж, АНУ-ын тусламжийн хөрөнгөөр олон техник хүлээн авсан нь уурхайн хөрс хуулалтын ажлыг эрчимжүүлэх, технологийн хүндрэлийг арилгахад чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй дэлхийд тэргүүлж буй техник технологи нэвтрүүлэх үндэс суурийг тавьсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байсан юм.
Ийнхүү уурхайн инженерээс улсын ерөнхийлөгч болтлоо дэвшин ажилласан П.Очирбатын түлш, эрчим хүчний салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр үлэмж их тул галын бурхан хэмээн онцлов.
Багануурын уурхайчид бид Галын бурхан П.Очирбат таны Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, үйл хэргийг тань үеийн үед хүндэтгэн дурсах болно.
Би энэ гэж баталсан үнэмшил
Бусдад байхгүй ганцхан давтамж
БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙН УУРХАЙЧИН ХАМТ ОЛОН
