
КОМПАНИЙН УДИРДЛАГУУД ЖИЛИЙН ЭХЭНД ХЭСЭГ НЭГЖ БҮРД ОЧИЖ АЖИЛТАН БҮРТЭЙ УУЛЗДАГ УУЛЗАЛТ ЭНЭ 7 ХОНОГТ БОЛЛОО
- Posted on
- admin
2024 оноос эхлэн оны эхэнд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, Хүний Хөгжил Судалгаа Эрхэлсэн дэд захирал Д.Даваадаш нараар ахлуулсан ажлын хэсэг компанийн бүх нэгжүүдээр явж ажилтнуудтай уулзаж, өнгөрсөн жилийн амжилт, алдаа оноо, шинэ жилийн төлөвлөгөө зорилтоо танилцуулж, ярилцдаг уламжлал тогтоод буй.
Энэ жилийн уулзалт 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхэлж өнөөдөр өндөрлөлөө. Дээрх хугацаанд компанийн удирдлагууд 10 хэсгийн 1000 гаруй ажилтантай уулзаж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, санхүүгийн үзүүлэлт, авлага өр төлбөр, техник ашиглалт, хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлт, 2025 оны уулын ажлын хийгээд санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, компанид хэрэгжих төсөл хөтөлбөрөө танилцуулан мэдээлэл солилцож, 92 ажилтны 150-д асуулт, санал хүсэлтэд хариу тайлбар өгч ажиллалаа.
“Багануур” ХК үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хувьд 2024 онд 1122 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4,957.4 мян.тн нүүрс олборлон төлөвлөгөөг 102.3 хувь, 4,916.1 мян.тн нүүрс борлуулж төлөвлөгөөг 101.5 хувиар биелүүлэн ажиллаж, компанийн түүхэнд хамгийн өндөр борлуулалтыг хийсэн бол 2025 онд 5,000 мян.тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Санхүү эдийн засгийн хувьд 2024 онд НДШ-д 24.0 тэрбум, НӨАТ-ын өглөгт 16.9 тэрбум, ХАОАТ 5.2 тэрбум, бусад зардал 4.6 тэрбум төгрөг, нийт 50.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Оны эхэнд 136 компанид өглөгтэй байсан бол эхний хагас жилээр 69 компани болж буурсан. Мөн түүнчлэн 2019-2021 онд Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банкны зээлээр хэрэгжүүлсэн техникийн шинэчлэлийн 23.5 тэрбум төгрөгийн өрийг 2024 онд бүрэн төлж тэглэсэн. 2025 онд ур чадварт суурилсан цалингийн систем нэвтрүүлэхийг зорьж буйгаа ажилтнуудадаа танилцууллаа.
Харин ажилтнуудын асуулт, санал хүсэлтийн хувьд өнгөрсөн жил цалин нэмэгдүүлэх, нүүрсний үнийг нэмэгдүүлэх, олон жил хуримтлагдсан нийгмийн даатгалын өр төлбөрийг хурдан төлж барагдуулахыг удирдлагуудаасаа шаардаж байсан бол энэ жил компанийнхаа ирээдүйн хөгжлийн талаар, алс хэтийн зорилго зорилтын талаар, уурхай дагасан Багануур хотынхоо хөгжлийн талаар асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлж байлаа.
