
ХОККЕЙ МАНДТУГАЙ
- Posted on
- admin
2025 оны 1 дүгээр сарын 29-өөс 2 дугаар сарын 05-ны өдрүүдэд Багануур дүүрэг хоккейгоор амьсгаллаа. Учир нь Монголын хоккейн холбооны хуваарьт U-18, +40 насны 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнүүд эдгээр өдрүүдэд Багануур дүүрэгт “Багануур” хоккейн клубын мөсөн талбайд зохион байгуулагдсан юм.
U18 насны УАШТ-нд Сэлэнгэ аймгийн “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн “Бугант” баг, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” баг, Улаанбаатар хотын Баярзүрх дүүргийн “Отгон- Од” баг, Хан-Уул дүүргийн “AB” баг, Багануур дүүргийн “Багануур” ХК-ийн дэргэдэх “Багануур” гэсэн 5 багийн 18 хүртэлх насны 70 гаруй тамирчин оролцож Хангарьд баг нэг ч хожигдолгүй түрүүлж, “Багануур” баг дэд байранд, “АВ” баг гуравдугаар байранд шалгарсан.
Тэмцээний зохион байгуулагч “Багануур” Хоккейн клубээс U18 УАШТ-ний нээлтийг мөсөн талбайд уламжлалт байдлаар биш тамирчин хүүхдүүдэд сэтгэл зүй, хоол зүй, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох байдлаар зохион байгууллаа. Үндэсний шигшээ багийн сэтгэл зүйч Ө.Цэнгэлжаргал, үндэсний шигшээ багийн хоол зүйч С.Мөнхтуул, хөдөлгөөн засалч О.Даринчулуун нарын эрхэм хүндтэй хүмүүсийг урьж оролцуулан тамирчин хүүхдүүдийн ирээдүйн амжилтад нөлөөлөхүйц үнэ цэнэтэй, ач холбогдолтой сургалтуудыг зохион байгуулсанд тамирчин хүүхдүүд талархалтай байв.
Харин 2 дугаар сарын 3-аас 5-ны өдрүүдэд болсон +40 насны УАШТ-нийг Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монголын Хоккейн Холбооны хоёрдахь ерөнхийлөгч, “Багануур” ХК-ийн анхны гүйцэтгэх захирал Хөхөөгийн Балсандоржийн нэрэмжит болгон зохион байгууллаа.
Тэмцээнд Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны “Мөнгөнгацуур”, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн “Жигүүрүүд”, Дархан-Уул аймгийн “Дархан”, Дархан уул аймгийн Шарын Гол сумын “Шарын гол –Майнерс”, “Багануур” ХК-ийн дэргэдэх “Багануур” гэсэн 5 баг оролцож тойргоор тоглолоо. Тэмцээний тэргүүн байранд “Мөнгөн гацуур” баг, дэд байранд “Шарын гол-Майнерс” баг, гутгаар байранд “Жигүүрүүд” баг тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2025.02.03-ны өдөр Багануур Хоккейн клубын мөсөн талбайд боллоо. Нээлтийн ажиллагаанд Багануур дүүргийн ИТХ-ын дарга П.Төгөлдөр, Засаг даргын орлогч Б.Балжинням, Багануур дүүргийн менежер Д.Дэмчигжав, “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Багануур хоккейн холбооны тэргүүн Д.Түвшинжаргал, Монголын хоккейн холбооны тэргүүлэгч гишүүн Л.Түмэнтуул, Б.Батзориг, “Багануур” ХК-ийн анхны Захирлын зөвлөлийн хүндэт гишүүд, “Багануур” ХК-ийн одоогийн удирдлагын баг, уурхайчдын төлөөлөл оролцлоо. Мөн 75 жилийн түүхт ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн хүрэлцэн ирж үзүүлбэр үзүүлэн, МҮОНТ-ийн спортын сувгийн ахлах редактор МУСГЗ Д.Баярсайхан ирж хөтөлсөн нь нээлтийн арга хэмжээг улам сүрлэг, ёслол төгөлдөр болголоо.
Үүний дараа “Алтан шайб” хүндэтгэлийн уулзалт зохион байгуулж нээлтийн ёслолд оролцогсод Хөхөөгийн Балсандоржийн “Багануур” ХК-ийн хийгээд Монголын хоккейн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь бахадсан сайхан үйл явдал болов. “Алтан шайб” хүндэтгэлийн уулзалтын үеэр Х.Балсандоржийг Багануур дүүргийн “Хүндэт Иргэн”-ээр өргөмжиллөө.
Х.Балсандоржийн “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлуудаас товч дурдвал: Компанийг шинэчлэх төслийг богино хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэх ажлыг тодорхой төлөвлөгөөтэй гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд компанийн засварын үйл ажиллагааг ашиглалтаас тусгаарлан зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Мөн тэрээр ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллагсадын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг сайжруулах, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр спорт урлагийн арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж байсан шилдэг улдирдагч юм.
Тухайлбал, Уурхайчдын спартакиад, нүүрсний салбарын уурхайчдын уулзалт спартакиад, ахмад уурхайчдын спортын наадам, компанийн аварга шалгаруулах хоккейн тэмцээн зэрэг олон олон ажлыг эхлүүлсэн хүн. Х.Балсандорж захирал дүүргийн спорт заалны иж бүрэн засвар тохижилтын ажлыг компанийн хөрөнгөөр хийснээс гадна дүүргийн дутуу баригдсан 7 барилгыг компанийн мэдэлд шилжүүлэн авч эхний барилга 36 айлын орон сууцыг 1999 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж уурхайчдаа байртай болгож байсан зэрэг одоогийн “Багануур” ХК-д соёл болон тогтсон бүхий л сайн сайхан зүйл түүнтэй холбоотой.
Монголын хоккейн холбооны хоёрдахь Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа холбооны гадаад харилцааг хөгжүүлж, Олон Улсын Хоккейн Холбоонд бүртгүүлсэн гавъяатай. 1999 онд БНСУ-ын Канвон хотод зохион байгуулагдсан Азийн өвлийн наадамд шайбтай хоккейн Үндэсний шигшээ баг тамирчид оролцсон нь түүхэнд бичигдэх анхны олон улсын тэмцээн байв. Мөн тэр ондоо өсвөрийн 12,13 насны хоккейчид Шинэ Зеланд улсад зохион байгуулагдсан Олон Улсын хүүхдийн тэмцээнд оролцсон нь мөн л анхных байв. Түүнээс гадна шайбтай хоккейн үндэсний лийгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиож эхлүүлэн Монголын хоккейг шинэ түвшинд гаргасан хүн.
Тийм л учраас 2025 оны +40 УАШТ-ийг Монголын Хоккейн холбооны хоёрдахь Ерөнхийлөгч, Багануур ХК-ийн анхны Гүйцэтгэх захирал Х.Балсандоржийн нэрэмжит болгон зохион байгуулсан юм.
+40 насны тэмцээний хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол 2 дугаар сарын 5-ны өдөр “Уурхайчин” спорт цогцолборт болов. Хаалтын ажиллагаанд МХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Багануур Хоккейн клубын тэргүүн Д.Түвшинжаргал, Багануур дүүргийн менежер Д.Дэмчигжав, МУГТ н.Доржпалам нар оролцож тамирчдад шагнал гардууллаа.
Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон нь 20-40 жил шайбтай хоккейгоор хичээллэж, лигийн аваргаар 3-5 удаа шалгарч байсан 5 тамирчинд “Спортын мастер” цол олгов. Үүнд: Багануур багийн тамирчин Батсуурийн Батгэрэл, Бадамширнэнгийн Батсүрэн, Батжаргалын Мөнхболд, Ойдовын Буянбаатар, Шарын гол багийн тамирчин Төрбаатарын Пүрэвсүрэн нарт олгосон юм. Мөн Хоккейн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Д.Төрбаатарыг ММБТСХ-ны “Мастеруудын Алдар” одонгоор, Б.Алдармөнхийг “Хүндэт зүтгэлтэн” цол тэмдэгээр, Ж.Хуягийг “Спортын Од” тэмдэгээр, Х.Цогтсайханыг “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагналаа.
Ийнхүү 7 хоногийн турш зохион байгуулагдсан хоккейн тэмцээнүүд өндөрлөв. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нар хэлсэн үгэндээ тун удахгүй Багануур дүүрэгтээ битүү дээвэртэй ордонтой болох зорилт тавин ажиллаж буйгаа дурдлаа.
МХХ-ны 2025 оны U18, +40 насны шайбтай хоккейн УАТШ-ийг зохион байгуулахад хамтран ажилласан Багануур дүүргийн ИТХ, ЗДТГ, Багануур-Сувилал ХХК, Багануур тохижилт ААТҮГ, Багануур гэрэл фото студи, “Билли” сүши, Нэгдсэн Монгол ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье.


