ЭРДЭНЭС МОНГОЛ НЭГДЛИЙН КОМПАНИУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БАГАНУУР ХК-НД БОЛЖ БАЙНА

“Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Багануур ХК-д зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, гүйцэтгэх захирал С.Наранцогт нар болон нэгдлийн бүрэлдэхүүний охин, харьяа компанийн удирдлагууд оролцож, эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, үр дүнг үнэлэн дүгнэж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцаа мэдээлж, учирч буй хүндрэл бэрхшээл, хүлээлт, шийдэл эрсэн асуудлуудаа танилцууллаа.

Багануур ХК-ийн хувьд жилийн дөрвөн улирал, 365 хоног 24 цагаар тасралтгүй ажиллаж, эх орныхоо галыг манах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлэн ажилладаг. 2024 оны эхний хагас жилд нийт 15,4 сая.м3 уулын цулын ажил хийж төлөвлөгөөг 106.2 хувиар, 9.7 сая.м3 хөрс хуулж, 2.4 сая.тн нүүрс олборлон борлуулснаар төлөвлөгөөг 102-104 хувиар биелүүлэн ажиллалаа. Энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 3 бүлэг 31 төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 51 хувийн гүйцэтгэлтэй байна.

Оны үлдэж буй хугацаанд компанийн бодлогын хүрээнд:

– Шинээр баригдах технологи дамжлагын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах

– 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулах

Санхүү мөнгөн урсгалыг сайжруулах чиглэлээр:

– Нүүрсний үнийг нэмэгдүүлэх, чөлөөлүүлэх, эсвэл төрөөс үнийн зөрүүний алдагдалд татаас авах талаар ЭХЗХ, ЭХЯ, АҮЭБЯ-нд дахин санал хүргүүлэх,

– Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолд дурдсан Монгол нүүрс төслийн зээлийн үлдэгдэл төлбөрийг тэглэх асуудлыг толгой компанитай хамтран шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх

– Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт Багануурын уурхайн техникийн шинэчлэл, хүчин чадлын өргөтгөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгуулах зэрэг томоохон ажлуудыг амжуулахаар төлөвлөж байна.

Share this story!