“АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭР-АМЖИЛТАА АХИУЛЖ, АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРЭЭ САЙЖРУУЛЪЯ” СЭДЭВТ ХАВРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Аливаа байгууллагын ажилтан санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нь ажилтныг тогтвортой ажиллах түлхүүр үзүүлэлт байдаг. Ажилтнууд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, солилцож чаддаг бол тэд шинэ санал санаачилга тогтмол гаргаж, байнгын дэвшилт хөгжил рүү тэмүүлж байдаг. Яг тийм л хандлага, тийм л соёл Багануур ХК-нд тогтоод буй. Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн, Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн нийт ажилтнуудын 2025 оны хаврын зөвлөгөөн өнөөдөр боллоо. “Ажлын бүтээмжээр-амжилтаа ахиулж, амьдралын тэнцвэрээ сайжруулъя” сэдэвт хаврын зөвлөгөөнд хэсэг нэгж бүрийн төлөөлөл 300 гаруй ажилтан оролцлоо. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал 2024 оны 12-р сарын 06-ны өдөр болсон “Зөв төлөвлөлтөөс сайн гүйцэтгэл” сэдэвт намрын зөвлөгөөнөөс хойш хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2025 оны эхний 4 сарын үйлдвэрлэлийн болон санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал, Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрүүдийг мэдээлж, оны үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд танилцуулга хийлээ. 2024 оны намрын зөвлөгөөнөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаас үзэхэд Багануур ХК-ийн удирдлагын баг зөв төлөвлөж, уурхайчин хамт олон ч сайн гүйцэтгэлтэй ажиллажээ гэж дүгнэж болохоор байв. Товчхондоо үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөө оны эхнээс үзүүлэлт бүрээр биелэж байгаагаас гадна санхүүгийн сахилга бат, худалдан авалтын ил тод байдал сайжирсны үр дүнд 2024 онд компани 1.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 50.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар богино хугацаат өр төлбөрийг 9.6 тэрбум төгрөгөөр, урт хугацаат өр төлбөрийг 0.5 тэрбум төгрөгөөр бууруулсан зэрэг сайн үзүүлэлтүүд олон байв. Гэвч компанийн бүх зүйл болж бүтээд сайн сайхан байна уу гэвэл үгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 167 тоот тогтоолоор эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар борлуулж буй 1 тонн нүүрсний суурь үнийг 5.0%-иар бууруулж 51,386 төгрөг болгон тогтоов. Багануур ХК өнөөдрийн байдлаар 1 тонн нүүрсийг 54000 төгрөгийн өртөгтэйгөөр олборлож буй. Эрчим хүчний зохицуулах хорооноос нүүрсний үнийг өртөгт нь хүргэсэн шийдвэр гаргаад дөрөвхөн сарын дараа буцаагаад бууруулсан шийдвэр гаргасан нь уурхайн хувьд олон эрсдэлт хүчин зүйлийг үүсгэж байгаа юм. Тухайлбал: компани мөнгөн урсгалын дутагдалд орох, зээл, өр төлбөр нэмэгдэх, татвар торгууль алданги нэмэгдэх, хөгжил, хөрөнгө оруулалт хойшлогдох, ажилтнуудын цалинг нэмэгдүүлж чадахгүй байх, цаг хугацаанд тавьж чадахгүй байх, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж чадахгүй байх зэрэг эрсдэлийг үүсгэж буй. Өнөөдрийн зөвлөгөөний үеэр удирдлагууд, ажилтнууд компанийнхаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгаа, хэмнэлт сайжруулалт гээд нэлээд өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо. Өнөөдөр асуулт асууж, санал хэлж байгаа ажилтнуудаас цалин хөлсний тухай, ажилтнуудад тулгамдсан нийгмийн асуудлын тухай, шийдвэрлэгдэхгүй асуудал байгаа тухай бус, харин бүгд ажил, бүтээмжээ хэрхэн сайжруулж, бүтээлээ нэмэгдүүлэх, ажил зохион байгуулалтыг сайжруулах, хэмнэх зэрэг компаниа, уурхайгаа, уурхайнхаа санхүү эдийн засгийг бодсон асуулт саналууд байсан нь “Ажлын бүтээмжээр-амжилтаа ахиулж, амьдралын тэнцвэрээ сайжруулъя” гэх зөвлөгөөний сэдэвтэй яв цав таарав уу гэлтэй. Хаврын зөвлөгөөний төгсгөлд Д.Түвшинжаргал захирал зуны урин дулаан цаг ирж, амралт аялал зугаалгын цаг эхэлж буйтай холбогдуулан ажилтнууддаа даалгавар өглөө. Даалгавар нь өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах, болж өгвөл хүн бүр сувилалд явах, хүүхдүүддээ цаг гаргаж байх, хуримтлал үүсгэж санхүүгээ зөв удирдах, архи согтууруулах ундаанаас хол байж, спортоор хичээллэж эрүүл амьдралын дадал бий болгох зэрэг уурхайчдаа бодсон даалгавар байв. Удирдлагын харах өнцөг ажилтны харах өнцгөөс ялгаатай байдаг гэдэг. Ажилтны бодсон зүйлийг удирдлага арай өөр талаас нь бодож, тэд хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж, эрсдэлт хүчин зүйлс, саад бэрхшээлийн цаана гарч, амжилтад хүрдэг. Ирэх намрын зөвлөгөөнөөр даалгавраа биелүүлсэн ажилтнуудтайгаа, дараагийн сайн сайхан зүйлийн талаар зөвлөлдөх биз ээ. Багануур ХК-ийн уурхайчин хамт олондоо амжилт хүсье.

Share this story!