“АЛТАН УУРХАЙН АЛТАН ҮЕИЙНХЭН” АХМАДЫН БАЯР-2025 АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур Хувьцаат Компани 47 дох жилдээ амжилттай ажиллаж байна. Компани өнөөдөр байнгын, найдвартай, хариуцлагатай ажиллаж байгаа нь үе үеийн уурхайчин хамт олны маань ажлын амжилт билээ. Тэр дундаа алтан уурхайн алтан үеийн ахмадуудын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой. Уурхайн анхны шанг татсан ажилтнууд, 1980-аад оны эхээр МХЗЭ-ийн илгээлтээр ирж байсан залуучууд өнөөдөр хэдийн гавьяаныхаа амралтанд гарсан ахмадууд болоод байна.

Багануур ХК-ийн харьяалалд одоогийн байдлаар 625 ахмад байгаа бөгөөд тэднийгээ 9-р сарын 29-ний өдөр “Алтан уурхай” их танхимдаа хүлээн авч дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ. Ахмадын баярын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд, Ахмадын зөвлөлийн дарга Р.Сугиржав нар нээж мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Ахмадын холбооны Хүндэт тэмдэгээр ахмад уурхайчин М.Балжинням, Д.Наранбаяр, В.Хашхүү, Г.Баярсайхан нарыг шагналаа. Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медалиар 10 ахмадыг, Нийслэлийн 385 жилийн ойн медалиар 10 ахмадыг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэгээр 5 ахмадыг нийт 29 ахмад уурхайчинд компанийн удирдлагууд шагнал гардууллаа.

Үүний дараа энэ удаагийн ахмадын баярын үйл ажиллагааны шигтгээ буюу гурван үеэрээ уурхайдаа ажиллаж буй уурхайчдыг алдаршуулах арга хэмжээ болсон.

– Ахмад уурхайчин Д.Батсуурь агсаны охин Б.Алтаннавч, гуравдах үеийн уурхайчин А.Хосбаяр,

– Ахмад уурхайчин, анхны маркшейдер Т.Жамсранжав, түүний хүү Ж.Лхагвасүрэн агсан, гуравдах үеийн уурхайчид болох түүний хүү Л.Ёндонжамц, охин Л.Номин,

– Ахмад уурхайчин П.Хуягдорж агсан, түүний хүү ахмад уурхайчин Х.Цогтсайхан, 3 дах үеийн уурхайчин болох Ц.Одсайхан нарын 3 үеийн уурхайчдыг компанийн захиргаа алдаршуулан, хүндэтгэл үзүүлснийг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, АҮГА Д.Дондов, Сүхбаатарын одонт, Монгол улсын Гавьяат уурхайчин Д.Дамбапэлжээ, Монгол улсын Гавьяат уурхайчин О.Шагдаржав нар гардуулж баяр хүргэлээ.

Уламжлалын дагуу Багануур ХК-ийн дүрмийн 11.9.10 дахь заалтыг үндэслэн 10 ахмадад буцалтгүй тэтгэмж олголоо. Баяр дээр баяр нэмж Багануур ХК-ийн дэргэдэх дуу хөгжмийн ИЛЧ хамтлаг, дуучин СТА Ц.Тогтохжаргал, Уран уншигч уурхайчин Б.Амаржаргал, морин хуурч Ч.Батзориг, Уртын дуучин Ш.Гангамөрөн нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөж, урлагийн тоглолт үзүүлсэн нь ахмадуудын талархалыг хүлээсэн юм.

Мөн компанийн залуучуудын зөвлөл мэндчилгээ дэвшүүлж, хөдөлгөөн засалч, сэтгэл зүйч, экологич инженерүүд өөр өөрсдийн ажлын чиглэлээр ахмадууддаа мэдээлэл өглөө.

Ийнхүү компанийн захиргааныхаа урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмадууд маань ажиллаж хөдөлмөрлөж явсан үеэ дурсаж, найз нөхөд, хамт олонтойгоо уулзаж дурсамж дүүрэн яриа өрнүүлэн ахмадын өдрийг сайхан өнгөрүүллээ.

Улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэж ирсэн ахмад уурхайчдадаа урт насалж, төр түмэндээ түшиг болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Share this story!