БАГАНУУРЫН БЯЦХАН БӨХЧҮҮД ЭР БЯРАА СОРИЛОО.

Багануур ХК, MNC телевизийн хамт олонтой хамтран “Хуйрнан шуугигч” хүүхдийн бөхийн барилдааныг өчигдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөр Багануур дүүрэгт зохион байгууллаа.

Монгол бөхийн дэг жаяг, өв соёлыг таниулж өвлүүлэх, хүүхдүүдийг бага наснаас нь үндэсний бөхийн барилдаанаар хичээллэх сонирхолыг төрүүлэх зорилгоор зохион байгуулсан Багануур ХК-ийн 45 жилийн ойн нэрэмжит “Хуйрнан шуугигч” бөхийн барилдаанд ирээдүйд наадмын зүлэг ногоон дэвжээнээ алдар цолоо дуудуулах 220 бяцхан бөх зодоглолоо.

Барилдааны 4-5 насны ангилалд дүүргийн 10 цэцэрлэгийн 160 өхөөрдөм хөөрхөн хүчтэн уран мэхийг уралдуулан барилдав. Эр бяр, арал чац эн тэнцүү 160 бөх үзэгч түмнийг суудлаас нь өндөлзүүлсэн сайхан барилдаан үзүүлснээс 193 дугаар цэцэрлэгийн Д.Хангай түрүүлж, 132 дугаар цэцэрлэгийн Д.Мөнхбаяр үзүүрлэлээ. 241 дүгээр цэцэрлэгийн Б.Энхмэнд, Х.Агарзандан нар шөвгөрч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Харин 6-7 насны ангилалд дүүргийн 4 сургуулиас үндэсний бөхийн залгамж халаа болсон 60 хүчтэн үзэгч олныг баясган барилдсанаас Боловсрол цогцолбор сургуулийн Д.Эрхэмбаяр түрүүлж, тус сургуулийн Б.Цэрэндаваа үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Боловсрол цогцолбор сургуулийн А.Сүхбат, Оюуны эрин цогцолбор сургуулийн Х.Амгаланбаатар нар шалгарч ирээдүйд аварга, арслан болохоо харууллаа.

Үндэсний бөхийн зодог, шуудагаа өмсөн хоорондоо барилдаж, унаж, уйлж байгаа бяцхан бөхчүүдийг үзсэн бүх л үзэгчид тэднийг хайрлаж, өхөөрдөж, зохион байгуулагчдад талархаж байгаагаа илэрхийлж байв.

Share this story!