“БАГАНУУР” ХК-ИЙН ДУНД ХУГАЦААНЫ ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЛАА

“Багануур” ХК-ийн урт хугацааны буюу уурхайн хаалт хүртэлх ТЭЗҮ-г үндэслэн Багануурын хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотгол буюу дунд хугацааны /2023-2028/ ТЭЗҮ-ийг боловсруулж дуусган өнөөдөр /2024.11.25/ хүлээлгэн өглөө.

Багануурын хүрэн нүүрсний уурхайг ашиглах дунд хугацааны техник-эдийн засгийн үндэслэлийн тодотголыг УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр 2024.07.08-ны өдөр батлуулж, 2024.10.18-ны өдөр бүртгүүлсэн байна.

Дунд хугацааны ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэтгэгчээр “Рояал Майнинг” ХХК ажилласан бөгөөд тус компанийн Гүйцэтгэх захирал М.Бямбадорж, тэсэлгээний инженер Г.Ганбат, баяжуулалтын инженер С.Анар нар ТЭЗҮ-г компанийн удирдлагуудад хүлээлгэн өгөв. Энэхүү ТЭЗҮ-ийг боловсруулахад Монгол улсын зөвлөх инженер 12, мэргэшсэн инженер 5, доктор 2, магистр 4 нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.

ТЭЗҮ-д тусгаснаар Багануурын уурхай 2023-2028 онд 3,391.2 ккал/кг дундаж илчлэгтэй, 36.14 сая тонн нөөцийг жилд 4.5-8.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадлаар ашиглахаар төлөвлөсөн байна.

Уурхайн ашиглалтын системийн сонголтыг тээвэртэй, тээвэргүй гадаад, дотоод овоолгын ашиглалтын системээс ТЭЭВЭРТЭЙ, ДОТООД ОВООЛГОТОЙ ашиглалтын системрүү шат дараатайгаар шилжүүлж, цаашид тус системээр ашиглах нь оновчтой гэж үзжээ.

Төслийн 6 жилийн хугацаанд нийт 44.9 сая.м3 ус шүүрүүлж, цуглуулан уурхайн технологи, нөхөн сэргээлт, байгаль орчны чиглэлээр болон бусад зориулалтаар зарцуулахаар тооцсон.

Дунд хугацааны ТЭЗҮ-д нийт 1,792.3 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардал гарган, 2,215 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, татварын өмнөх ашиг 422.8 тэрбум, татвар ногдуулсны дараах байдлаар нийт 321.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, 508.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг дунджаар 49.54 мян.төг/тн байхаар төлөвлөжээ.

Төсөл хэрэгжих хугацаанд нийт 307.5 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шийдвэрлэхээр тусгасан бөгөөд хөрөнгө оруулалтыг 6.1 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолсон байна.

Share this story!