БАГАНУУР ХК-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛЖ, ЦАГ ҮЕИЙН АСУУДАЛ, ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖЛУУДАА ХЭЛЭЛЦЛЭЭ

Дөрөвдүгээр сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт 90-119.6 хувьтай байна. Энэ хугацаанд 1 999.4 мян.м3 уулын цулын ажил хийж, 1 451.4 мян.м3 хөрс хуулж, 225.3 мян.тн нүүрс олборлон борлууллаа. 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гэрээний биелэлт 99.3-104 хувьтай.

Монгол улсын улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дүгээр тэмдэглэлийн хүрээнд компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар Төлөөлөн Удирдах Зөвлөл 3 удаа хуралдаж, бүтцийг шинэчлэн баталсан. Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан өөрчлөлт оруулах дүрэм журмыг хэлэлцлээ.

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 21.2 хувьтай байна. Тухайлбал, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл 39.3 хувь, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 30 хувь, засварын ажлын төлөвлөгөө 12.7 хувийн гүйцэтгэлтэй. Өнгөрсөн оны мөн үед 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 9.5 хувьтай байв.

2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитын шалгалтаар өөрчлөлтгүй буюу зөрчилгүй дүгнэлт авсан. Бизнес төлөвлөлт эрсдэлийн удирдлагын хэлтсээс аудитын тайлангийн зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцыг захирлын зөвлөлд танилцууллаа.

Санхүү эдийн засгийн хувьд 2025 оны 1 дүгээр улиралд зорилтот түвшний 17 үзүүлэлтээс 12 зорилт 100 хувь, 3 зорилт 61-95 хувь, 2 зорилт 60 хүртэл хувь, нийт дүнгээр 99.3 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. Урт болон богино хугацаат өр төлбөрийг 11.0 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

2025 онд нийт 85 тендер зарлахаас 4-р сарын 15-ны өдрийн байдлаар 36 тендер зарлагдсан байна. Үүнээс амжилтгүй болсон тендер байхгүй, тендер хүлээн авч байгаа 11, үнэлгээ хийгдэж байгаа 10, гэрээ байгуулах эрх олгосон 15 тендер байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Багануур ХК 2030 он хүртэл хугацаанд “НЭГ САЯ” мод тарьж, ургуулан, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулж, ногоон хөгжлийг дэмжих амлалт авсан. Энэ ажлын хүрээнд 2025 онд нийт 52500 мод тарихаар төлөвлөсөн. Хаврын тарилтаар 22500 ширхгийг, намрын тарилтаар 30000 ширхэг мод тарина. Компанийн мод үржүүлгийн талбайд үрээр болон, модлог мөчрөөр 200000 ширхэг модны үрсэлгээ хийж, бойжуулна.

Share this story!