БАГАНУУР ХК ХӨРС ХУУЛАЛТЫН ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЭКСКАВАТОРООР ТЕХНИК ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Багануур ХК-ийн урт болон дунд хугацааны стратеги төлөвлөлтийн хүрээнд 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дагуу 4 дүгээр сард тендер шалгаруулалт зохион байгуулж, тендерт шалгарсан Моннис группийн “Майнс Ап” ХХК-аас Франц үйлдвэрлэгдсэн LIEBHERR брэндийн R9250E экскаваторыг өөрийн хөрөнгөөр худалдан авч, өнөөдөр /2025.08.29/ албан ёсоор хүлээн авч, ажилд гаргалаа. 18,4 тэрбум төгрөгөөр худалдан авч буй LR 9250 экскаватор нь байгаль цаг уурын -40-с +40 хэмд, уул уурхайн хүнд нөхцөлд ажиллах зориулалтаар бүтээгдсэн, 1408 морины хүчин чадалтай, 1050 квт-ын гурван фазын 6000 в цахилгаан хөдөлгүүртэй, 250 тн-ын ажлын жин, 15 м.куб шанаганы багтаамжтай шууд утгуурт экскаватор юм. Техник хүлээн авах ёслолын ажиллагаа Багануур ХК-ийн үйлдвэрлэлийн талбайд болсон бөгөөд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд, Ерөнхий инженер М.Мөнхжаргал, Бүтээмж хариуцсан менежер Д.Гантулга, Засаглал хариуцсан менежер Ш.Батсайхан, Моннис группийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар, Борлуулалтын дараах засвар үйлчилгээ хариуцсан захирал Г.Амгаланбаатар нар оролцож, хүндэтгэлийн тууз хайчиллаа. Багануур ХК жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсдэг. Өнөөдрийн ашиглалтад хүлээн авч буй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий өндөр бүтээмжтэй гидро экскаватор нь компанийн уулын ажил, хөрс хуулалтын төлөвлөгөө нормыг биелүүлэхэд өндөр ач холбогдолтой. Энэхүү экскаваторын бригадад ажиллах машинч, туслах машинчдыг 2025 оны 6 дугаар сард Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 21 хоногийн хугацаанд ажиллуулан, сургаж, дадлагажуулсан бөгөөд тэд өнөөдрөөс шууд ажилдаа гарч байгаа юм. Өндөр бүтээмжтэй шинэ техник хүлээн авч буй уурхайчин хамт олны маань бүтээл нь арвин, амжилт нь ундарч байх болтугай.

Share this story!