БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙН АНХНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ХӨХӨӨГИЙН БАЛСАНДОРЖИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛАВ

Монгол улсын Зөвлөх инженер, Тэргүүний уурхайчин, Багануурын уурхайн Ерөнхий инженер, Багануур ХК-ийн анхны гүйцэтгэх захирал Хөхөөгийн Балсандорж нь 1962 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд Хөхөөгийн хоёр дахь хүү болон мэндэлсэн.

Тэрээр бага балчир насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1978 онд Увс аймгийн Өмнөговь сумын 8 жилийн дунд сургуулийг, 1980 онд Увс аймгийн Улаангом хотын Хоёрдугаар 10 жилийн дунд сургуулийг дүүргээд 1981 онд Политехникийн дээд сургуулийн бэлтгэл анги, 1986 онд ОХУ-ын Свердловск хотын Уулын дээд сургуулийг Уулын ажлын автоматжуулалт цахилгаанжуулалт мэргэжлээр төгссөн.

Ажлын гараагаа 1986 онд Багануурын уурхайн Цахилгаан хангамжийн хэсгийн монтёроор эхлүүлсэн тэрээр мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, ажилдаа хурдан дадлагажин хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдыгаа манлайлан ажилласан тул тухайн үеийн уурхайн удирдлагууд түүнийг хэсгийн инженер, цехийн даргаар томилон ажиллуулжээ.

1987-1991 онд Цахилгаан цехийн даргаар ажиллах хугацаандаа хамт олноо удирдан 3 жил дараалан үйлдвэрийн уралдааны аварга болж ажиллаж байсныг тэр үеийн хамт олон нь бахархан хүндэтгэдэг. Цахилгаан цехийн даргаар ажиллах энэ л хугацаандаа уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нэгдсэн системийг бий болгох ажлыг санаачлан олон төрлийн заавар зааварчилгаануудыг боловсруулан товхимол болгон хэвлүүлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөрдлөг болгон ашиглаж байлаа.

Х.Балсандорж нь 1991-1994 онд Багануурын уурхайн ерөнхий инженер, үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар дэвшин ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааны долоо хоног тутмын график гарган мөрдүүлж, тоног төхөөрөмжийн сул зогсолтын судалгаа гарган, хэсэг хоорондын торгуулийн журмыг мөрдүүлсэн нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд хүн бүрийн хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээ болж байв.

1995 оны 3 дугаар сард Багануурын уурхай хувьчлагдан төрийн өмчийн оролцоотой Багануур ХК болж өөрчлөгдөхөд Х.Балсандоржийг анхны Гүйцэтгэх захирлаар томилсон юм. Түүнийг 1995-2000 онд компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж, эрчим хүчний нүүрсний салбар хүндхэн байсан тэр он жилүүдэд Улаанбаатар хот болон орон нутгийн цахилгаан станцуудын 70 гаруй хувийг нүүрсээр хангах хүндхэн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж, байгууллагын шинэчлэлт өөрчлөлтийг богино хугацаанд үр ашигтай хэрэгжүүлж байсан шилдэг удирдагч байлаа.

Энэ хугацаанд компанийн засварын үйл ажиллагааг ашиглалтаас тусгаарлан зохион байгуулалтын өөрчлөлт хийж, үйлдвэрлэлийн хэмжээг 5,7-6,2 хувиар өсгөсөн юм.

Түлш эрчим хүчний салбарын олон жил хуримтлагдсан өр авлагыг бууруулах талаар системтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд жижиг байгууллагуудаас авах авлага дуусаж, бусад байгууллагуудад өгөх өглөг 1 тэрбум гаруй төгрөгөөр буурч, дүүргийн төсөв, Нүүрсний газар, УБТЗ, НИК зэрэг томоохон байгууллага аж ахуйн нэгжүүдэд өгөх өрийг бүрэн барагдуулж байв.

Х.Балсандорж нь ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилладаг мэдрэмжтэй удирдагч байлаа. Ажилтнуудын ар гэрт гачигдал гарсан үед, ажилтан удаан хугацаагаар өвчлөх үед, мөн 0-2 насны хүүхдээ асарч гэртээ байгаа эхчүүдэд сар бүр олгодог тэтгэмж зэрэг одоогийн Багануур ХК, ҮЭНХ-ны хооронд байгуулан хэрэгжүүлдэг хамтын гэрээний дагуу олгодог тэтгэлэг, буцалтгүй тэтгэмжүүдийг тэр үед анх санаачилж байв.

Мөн тэрээр уурхайчдаа сувилалд эмчлүүлж сувилуулах журмыг санаачлан уурхайчдын эрүүл мэндийн асуудалд анхаарах, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр болон үйлдвэрлэлийн ослын улмаас группэд байгаа хүмүүс, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудад олгодог нүүрсний хөнгөлөлтийг мөнгөөр олгох зэрэг ажлыг эхлүүлсэн юм.

Х.Балсандорж нь компанийн ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг сайжруулах, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр спорт, урлагийн арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж эхэлсэн нь өдгөө Багануур ХК-нд тогтсон уламжлал болон хөгжиж байна.

Түүнчлэн Орос барилгачдын барьж байгаад дутуу орхисон барилгуудыг Төрийн өмчийн хороо, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэмжлэгтэйгээр компанийн мэдэлд шилжүүлэн авч, компанийн зардлаар барьж дуусган, 36 айлын эхний орон сууцыг 1999 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж, уурхайчдаа байртай болгох ажлыг эхлүүлж байв. Түүнээс хойш 380 гаруй ажилтныг шинэ орон сууцаар хангах ажлыг хийсэн нь түүний ажилч хичээнгүй, бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсны илэрхийлэл юм.

Х.Балсандорж нь Багануур дүүргийн спорт хорооны иж бүрэн засвар тохижилтын ажлыг компанийн хөрөнгөөр хийснээс гадна хоккейн мөсөн талбай байгуулж, Багануурын хоккейн спортын хөгжлийн үндэс суурийг тавьсан юм. Тэрээр зөвхөн Багануурын хоккейн хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй 1996-2004 онд Монголын Хоккейн холбооны хоёрдох Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, Монгол улсад хоккейн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын хоккейн холбооны хүндэт ерөнхийлөгч байлаа.

Х.Балсандорж нь 2000-2004 онд Багануур дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан анхны гишүүн байв. Монгол улсын их хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа тэрээр нүүрсний салбарын аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн “Монгол Нүүрс Ассоциаци” ТББ-ыг санаачлан байгуулж, улмаар “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци” ГҮТББ байгуулан, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, нүүрсний салбар хийгээд уул уурхайн салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан инженер байлаа.

Багануурын уурхайн цахилгаан цехийн монтёроос Улсын Их Хурлын гишүүн болтлоо дэвшин ажилласан Х.Балсандорж таны Багануур ХК-ийн болоод Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, үйл хэргийг тань үеийн үед хүндэтгэн дурсах болно.

УМ МА НИ БАД МЭ ХУМ

ЭРДЭНЭС МОНГОЛ НЭГДЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУЛГУУР УУРХАЙ БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙН УУРХАЙЧИН ХАМТ ОЛОН.

Share this story!