БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЗАХИРГАА, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН НЭГДСЭН ХОРОО 2026, 2027 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ “ХАМТЫН ГЭРЭЭ”-Г БАТАЛЛАА
- Posted on
- admin
Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд, ҮЭНХ-ны дарга С.Нарантунгалаг нар өнөөдөр 2026, 2027 онд хэрэгжүүлэх хамтын гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаанд компанийн хэлтэс албадын удирдлагууд, ҮЭНХ-ны тэргүүлэгчид оролцлоо.
ҮЭНХ-оос хамтын гэрээний төслийг өнгөрөгч 8-р сарын 26-ны өдөр компанийн захиргаанд өргөн барьсан. Түүнээс хойш хоёр тал нийт 12 удаа хуралдан хэлэлцэж тохиролцоонд хүрсний дагуу өнөөдөр баталлаа. Ингэхдээ өнгөрөгч 2024,2025 онд хэрэгжүүлсэн хамтын гэрээг 99.8 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байна.
Хамтын гэрээг байгуулахдаа хоёр тал Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, гурван талт хэлэлцээрийг үндэслэн, компанийн санхүү эдийн засгийн боломжийг харгалзан, өнгөрсөн онуудад хэрэгжүүлсэн хамтын гэрээг дээрдүүлэх бодлого баримтлан 14 заалтыг өөрчлөн найруулж, 4 заалт шинээр нэмсэн байна. Ингэснээр, нийт 7 бүлэг, 115 заалттай гэрээ батлагдлаа.
Шинэ гэрээний хүрээнд ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, нийгмийн баталгааг сайжруулах, ахмад ажилтнуудаа дэмжих бодлого хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулсан байна.
Багануур ХК-ийн ажилтнуудын хөдөлмөр, амьдралын чанарыг сайжруулах, ажил олгогч ба ажилтны хамтын хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн 2026, 2027 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг ийнхүү амжилттай баталлаа.
