Компанийн удирдлагууд ажилтнуудтайгаа жилд 2 удаа уулзаж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бодлого шийдвэр, тулгамдаж буй асуудлууд, алдаа дутагдал, амжилт ололтоо илэн далангүй ярилцаж, ажилтнуудынхаа санал хүсэлтийг сонсож, нээлттэй ярилцдаг уламжлалтай. Өнөөдөр 2024 оны хаврын зөвлөгөөнөө зохион байгуулж 2023 оны намрын зөвлөгөөнөөс хойших хугацааны үйл ажиллагаагаа нэгтгэн ярилцаж зөвлөлдлөө.
Өнөөдрийн зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Эрдэнэс Монгол Нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар ирж оролцлоо.
Зөвлөгөөний эхэнд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, санхүү эдийн засгийн нөхцөл байдал, компанийн орлого зардлын үзүүлэлт, хөрөнгө оруулалт, худалдан авалт, мөнгөн урсгалын төлөвлөгөө, 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын талаар танилцуулж мэдээлэл хийлээ. Дараа нь Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Эрдэнэс Монгол Нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар уурхайчдад мэдээлэл өглөө.
Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Ерөнхий Сайдын захирамжаар 2023 оны 12 сард байгуулагдсан “Эрчим хүчний үнэ тарифыг судлаж, зохицуулах” ажлын хэсгийг ахалж буй. Тэрээр өнөөдрийн зөвлөгөөний үеэр уурхайчдад хандаж хэлсэн үгэндээ: Багануур ХК нүүрсний үнээс хамааралтай санхүүгийн хүндрэлтэй байгаа хэдий ч уурхайчин хамт олон та бүхэн сэтгэл итгэл, чин зүтгэл, хөдөлмөр бүтээлээрээ улс орноо гэрэлтэй гэгээтэй, галтай байлгаж байгаа. Эрчим хүчний суурилагдсан хүчин чадал хязгаарлагдмал болсон, хэрэглээ улам нэмэгдсэн энэ цаг үед та бүхэн төлөвлөгөөт олборлолт нийлүүлэлтээсээ илүү дулааны цахилгаан станцуудад шаардлагатай нүүрсийг нийлүүлэх гээд байнга өндөр хүчин чадлаар ажиллаж байна. Үүний хүчинд манай улсын эрчим хүчний салбар харьцангуй доголдол багатай явж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийх ажил, шийдэх асуудлууд олон байна. Ажлын хэсгийг ахлах хугацаанд бид компанийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзаж нөхцөл байдлын талаар ярилцаж, судалж бодитой үнэлэлт дүгнэлт өгч ажилласан. Цаашид уурхайгаасаа эхлээд цахилгаан станцууд, дулааны станцууд алдагдалгүй, ашигтай ажиллах ямар нөхцөл боломж байна вэ гэдэг талаас нь цогцоор нь асуудлуудыг харж ирсэн. Ингэснээр 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс эрчим хүчний салбарын үнийн чөлөөлөлтийг хийх асуудал ерөнхийдөө тодорхой болсон гэлээ.
С.Наранцогт захирал хэлсэн үгэндээ: Багануур ХК бол Эрдэнэс Монгол нэгдлийн ууган компани. Сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн Газраас төрийн өмчит компани тэр дундаа уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагаа, өөрчлөлт шинэчлэлийн тал дээр нэлээд дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж баталсан. Багануур ХК бол манай стратегийн нөөц баялгийн нэг. Дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд бид нөөц баялгаа түшиглэн нүүрс-химийн цогцолбор барихаар төлөвлөсөн. Ингэснээр дараа шатны боловсруулалт хийгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бидний үндсэн зорилго хэрэгжинэ. Мөн Багануур ХК бол Монгол улсын эрчим хүчний салбарыг нуруундаа үүрч явдаг, төвийн эрчим хүчний нүүрсний 52%-ийг дангаараа хангадаг стратегийн ач холбогдолтой уурхай юм. Нүүрсний үнээс үүдэлтэй алдагдалтай ажиллаж байгаа. Одоогоор Эрдэнэс Монголын дэмжлэгтэй, шийдэл гаргаад явж байгаа ч энэ нь урт хугацааны шийдэл биш юм. Өчигдрийн /2024.06.06/ Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024-2025 оны өвлийн бэлтгэлийг хангахад шаардлагатай санхүүгийн асуудлыг Эрдэнэс Монгол нэгдлийн зүгээс шийдвэрлэх болсоныг та бүхэндээ дуулгая гэлээ.
Ийнхүү өнөөдрийн нийт ажилтнуудын зөвлөгөөнөөр Багануур ХК-ийн нэн тэргүүнд тулгамдаад байсан 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад шаардлагатай санхүүгийн асуудлыг Эрдэнэс Монгол нэгдлийн зүгээс шийдвэрлэхээр болсон сайхан мэдээтэй, цаашлаад компанийн алдагдалтай ажиллах гол шалтгаан болсон нүүрсний үнэ тарифыг 2025 оны нэгдүгээр сараас эхлэн чөлөөлөх болсон тухай уурхайчдын сүүлийн 20 гаруй жил ярьж, шат шатны байгууллагуудаар хөөцөлдсөн асуудал шийдвэрлэгдэх болсон тухай бүр сайхан мэдээтэй хаврын зөвлөгөөн өндөрлөлөө.
Нүүрсний үнээс шалтгаалж нэг вагон нүүрснээс 291.0 мянган төргөг, нэг хоногт 58.9 сая төгрөг, нэг сард 1.7 тэрбум төгрөг, нэг жилд 22.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж ажилладаг уурхай уурхайчдын хувьд өнөөдрийн зөвлөгөөнд оролцсон эрхэм хүмүүсийн дуулгасан мэдээ ёстой л мөрөөдөл биелэдэг юм гэдгийг санагдуулам байлаа.
Монгол улсын эрчим хүчний нүүрсний гол тулах цэг байж, цаг цагийн хүндрэлийг давж ирсэн уурхайнхаа нөхцөл байдлыг мэдэрч төр засаг нүүрсний үнийг чөлөөлөх шийдвэр гаргасанд уурхайчин хамт олон баяртай байна.