“ГЭР БҮЛ-АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС” СЭДЭВТ УУРХАЙЧДЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хүний амьдралын сайн сайханд итгэх итгэл аз жаргалыг бүрдүүлдэг зүйл нь гэр бүлийн тав тухтай орчин, аз жаргал. Гэр бүлийн уур амьсгал тайван, аз жаргалтай байхад ажил төрөл нь ч бүтэмжтэй сайхан шүү дээ. Тийм ч учраас Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн, Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК жил бүр олон улсын гэр бүлийн өдрийг уурхайчдынхаа гэр бүлүүдтэй хамтдаа тэмдэглэн, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Гэр бүл-Аз жаргалын үндэс” сэдвийн дор хэсэг бүрийн төлөөлөл болсон 150 ажилтнаа гэр бүлийнх нь хамт урьж оролцуулан амьдралынх нь жаргалтай дурсамжид нэгэн хуудас нэмлээ. Өдөрлөгийг нээж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, мэндчилгээ дэвшүүлэн, компанийнхаа үйл ажиллагаа, уурхайчдынхаа нийгмийн асуудал, компанийн ирээдүйн хөгжил, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн тухай хийгээд уурхайчдынхаа гэр бүлүүд цаашлаад дүүрэг орон нутгийнхаа хөгжилд компанийн зүгээс хэрхэн хувь нэмрээ оруулах талаар зорьж төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа. Дараа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хяналтын хэлтсийн дарга Ч.Ариунбаатар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, ажилтны эрүүл мэндийн хяналт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүн шинжилгээ, ХАБЭА-д зарцуулдаг зардал, энэ чиглэлээр ажилтнуудад олгогддог хангамж, шагнал урамшуулал, мөн ажилтны үүрэг хариуцлагын талаар гэр бүлүүддээ мэдээлэл өгч, танилцуулга хийлээ. Тухайлбал: Өнгөрөгч 2024 онд хөдөлмөрийн чадвар түр алдалт, артерийн даралт ихсэлтийн шалтгаанаар ажлаас буух тохиолдол зэрэг үзүүлэлт өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлт гарсан бол мэргэжлээс шалтгаалах өвчний группт гарсан ажилтны тоо өссөн тухай мэдээлэв. Түүнчлэн компанийн захиргаанаас ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт зориулах төсвийг 2023 оноос эхлэн жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байгаагаас гадна жил жилд өөр өөр өвчлөлийг нарийвчлан үзүүлдэг болсон тухай мэдээлэв. Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд ажилтны амжилт бүтээмж ажилдаа биеэ бэлдэхээс эхэлдэг тул уурхайчдын эхнэр нөхрүүдэд энэ талаар онцгой анхаарч дэмжихийг уриаллаа. Хөтөлбөрийн дагуу дараа нь Мэдээлэл технологийн албаны дарга Т.Эрдэнэ-Очир мэдээлэл хийж, компани 2024 оны 4-р улирлаас эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй хиймэл оюун ухаан, GPS-ийн технологийг хослуулсан аюулгүй байдал, хяналтын системээ танилцууллаа. Энэхүү системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ажилтнуудын тэр дундаа технологийн автомашины оператор, экскаваторын машинчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, мөн компанийн эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Мэдээллийнхээ төгсгөлд систем суурилуулсан машин тоног төхөөрөмжүүдийн оператор, машинч нарт тохиолдсон бодит эрсдэлт жишээг гэр бүлийнхэнд нь үзүүлэн хамтын хариуцлагын талаар зөвлөгөө хүргэлээ. Үүний дараа “Гэр бүл-Аз жаргалын үндэс” өдөрлөгийн шигтгээ болсон арга хэмжээ болсон. Энэ нь Багануур ХК-ийн ахмад уурхайчин, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан Доржийн Дондов, гэргий ахмад уурхайчин Баярын Батсүхийн хамт хүрэлцэн ирж “Дурсамж-Сургамж” сэдвийн хүрээнд уурхайчдынхаа гэр бүлүүдтэй халуун дотно яриа өрнүүлсэн явдал юм. Тэд Багануурын уурхайтай ажил амьдралаа холбосон дурсамжаа хуваалцаж, цэл залуу насандаа хийж бүтээсэн ажил хөдөлмөрөө дурсан ярьж, одоо ажиллаж байгаа уурхайчид удирдлагуудаар бахархаж буйгаа илэрхийлж, зөвлөгөө, ерөөлийн үгээ хамтатган хэллээ. Мөн компанийн эцэг эхийн зөвлөлөөс Багануур ХК-ийн нийт гэр бүлүүддээ хандаж гаргасан уриалгыг “Эцэг эхийн зөвлөлийн дарга, Уулын 2-р хэсгийн ЭШ 10/70 № 492 экскаваторын туслах машинч Б.Үүрийнцолмон уншиж танилцууллаа. Уриалгын агуулга нь байгууллагын амжилт баг, бригад хамт олны амжилтаас эхлэлтэй, баг, бригадын гишүүн бүрийн амжилт гэр бүлээс эхлэлтэй байдаг тул уурхайчин нөхөр эхнэрийнхээ ажил амралтыг зөв зохицуулж, ажилдаа биеэ бэлдэхэд нь анхаарч дэмжихийг илэрхийлсэн байв. Гэр бүлийн харьцаанд хань, үр хүүхдээс илүү чухал зүйл байдаггүй. Хосууд өөрсдийн эхлүүлсэн амьдралаа, чадлынхаа хэрээр жолоодож аль болох сайхан амьдрахыг хичээдэг ч завгүй амьдралын хэмнэл дунд зарим энгийн хийгээд чухал зүйлүүдийг орхигдуулсан байдаг. Тэгвэл өнөөдрийн өдөрлөгийн төгсгөлд аз жаргалтай гэр бүлийн харилцаагаа хэрхэн урт удаан хугацаанд хэвээр хадгалах, нандигнах, эрхэмлэх талаар Багануур ХК-ийн сэтгэл зүйч Б.Номин зөвлөгөө мэдээлэл өгч, гэр бүлүүдээр сонирхолтой даалгавар гүйцэтгүүллээ. Төгсгөлд нь өдөрлөгт оролцсон гэр бүлүүдээ Багануур-Сувилал ХХК-ийн чадварлаг тогооч нарынхаа бэлтгэсэн эрүүл зохистой хоол, зуушаар дайлж, мөн сувиллын нарийн боовны тогооч нарын хийсэн амтат бялууг бэлэглэснээр өнөөдрийн арга хэмжээ өндөрлөлөө. Сэтгэлээ шингээж өөрөө бий болгосон орчиндоо хайртай хүмүүстэйгээ дуртай зүйлээ хийгээд, хамтдаа эрхлэлдээд байж байх гэр бүлийн хамгийн гоё аз жаргал. Бүх уурхайчдынхаа гэр бүлд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийн мэнд хүргэж хайр, гэрэл, инээд хөөр, баяр баясал, АЗ ЖАРГАЛ хүсэн ерөөе.

Share this story!