МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС “БАГАНУУР” ХК-ИЙН ӨР ТӨЛБӨРИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛ ГАРСАН БАЙНА

“Багануур” ХК-ийн урт хугацаат зээлийн өр төлбөрийг тэглэх талаар 2010 оноос “Багануур” ХК эрчимтэй хөөцөлдөж 2018 онд Эрчим хүчний яам, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 132 дугаар тогтоол гарч байсан.

Энэ тогтоолын нэгдүгээр заалтаар “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан Монгол Нүүрс төслийн хүрээнд 1998-2001 онд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон зээлийн дамжуулан зээлдүүлэх гэрээний төлбөрийг тухайн уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох асуудлыг тэр үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарт даалгаж байсан билээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Багануур” ХК болон “Шивээ- Овоо” ХК нь толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-д энэ тогтоолыг хэрэгжүүлэх талаар олон удаа хүсэлт, албан бичиг явуулж, уулзалт зохион байгуулж байв.

Ийнхүү толгой компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэмжлэгээр Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 157 тоот тогтоол гарч, “Багануур” ХК-ийн 30.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг 2026 оны 1-р улиралд багтаан хууль тогтоомжийн дагуу төсөвт төлж барагдуулан, тооцоо нийлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Багануур” ХК-ийн ТУЗ-д даалгасан байна.

Мөн нүүрсний үнэ тарифыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох яамны сайд, газрын дарга нарт үүрэг болгосон байна.

Share this story!