МЭНДЧИЛГЭЭ

Багануур ХК-ийн нийт хамт олон, үе үеийн уурхайчид, болон хамтран ажилладаг харилцагчид та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье!

Өнгөрч буй онд COVID-19 цар тахлын улмаас Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хувьд амаргүй жил байлаа. Гэсэн хэдий ч Багануурын уурхайчид бид улс орноо гал алдуулахгүй, эрчим хүчний нүүрсээр тасралтгүй хангаж, осол зөрчилгүй ажиллах үндсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ажиллалаа. 2021 оны нэгдүгээр сард Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны 12,5 сая долларын хөнгөлөлттэй зээлээр 12 ширхэг техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр бид энэ онд 19,8 сая.м3 хөрс хуулж, 4,3 сая.тн нүүрс олборлон борлуулж төлөвлөгөөт зорилтоо 101 хувиар давуулан биелүүлж амжилттай ажилласан. Уул уурхайн салбартаа анхдагч болж Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 Олон Улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдсан нь оны онцлох үйл явдал байлаа. Ингэснээр компанийн үйл ажиллагаа, ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо сайжирч, нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал зорилтоо биелүүлэх суурь болж байна. Уулын ажлын төлөвлөлтийг оновчлох, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх, борлуулалтыг нэмэгдүүлэх зэрэг үр ашигтай шийдлүүдийг урьдчилан тооцоолсон 2022-2027 он хүртэл хэрэгжүүлэх дунд хугацааны Техник Эдийн Засгийн Үндэслэлээ боловсруулж чадлаа.

Цар тахлын тархалт идэвхитэй байсан цаг үед Компанийн гамшгаас хамгаалах штаб УОК-ийн шийдвэрийг хэрэгжүүлж, шуурхай зохион байгуулалттай ажилласны үр дүнд уурхайчдынхаа амьдарлын баталгаа болсон цалин орлогыг тасалдуудахгүй байж, ажлын байраа хадгалж чадсан маань Монгол Улсын ТОР-100 ААН, дүүргийн 2021 оны тэргүүний ААН-ээр шалгарахад нөлөөллөө.

Уул уурхайн салбартаа анхны нөхөн сэргээлт хийсэн Багануурын уурхайчид бид Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж,  уур амьсгалын өөрчлөлт түүний нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Нэг сая” мод тарьж ургуулахаа батламжилж санамж бичиг үзэглэлээ.

 Ирэх ондоо бид өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, чиглэлээр хичээн ажиллах болно.

Багануур ХК-ийн хамт олон, Харилцагч байгууллагууд, Багануур дүүргийн ард иргэддээ эрүүл энхийг хүсч, ирж буй 2022 ондоо амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун.

Share this story!