
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГУРВАЛСАН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
- Posted on
- admin
Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүний хоёр компани болох Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” ХК, “Эрдэнэс ҮТП” ХХК, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах гурвалсан санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагаа нь бие биеийнхээ хууль ёсны эрх ашиг, үнэт зүйл, нэр хүндэд харилцан хүндэтгэлтэй байх зарчим дээр үндэслэн байгуулж буй энэхүү санамж бичгийг Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр нар өнөөдөр үзэглэлээ.
Санамж бичиг үзэглэх ёслолын арга хэмжээнд Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Төгөлдөр, ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын холбогдох хэлтсүүдийн дарга удирдлагууд оролцлоо.
Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2024 – 2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус тусгагдсан “Хүнд үйлдвэрлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, “Үйлдвэрлэл, технологийн парк”-ыг байгуулж Улс, Бүс, Орон нутгийн хөгжлийг хурдасгахад талуудын хамтран ажиллах зарчим, чиглэлийг тодорхойлж “Багануур” ҮТП төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулахад хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх юм.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
-Төрийн өмчийн паркийн зориулалтын газрыг Улсын тусгай хэрэгцээнд авч, Газрын тухай хууль болон холбогдох журмын дагуу Төлөвлөлт, ТЭЗҮ хийгдсэн, санхүүжилт нь маш тодорхой болсон үед газрыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шат дараалан төлөвлөгөөнд үндэслэж гэрээний дагуу шийдвэрлэхэд талууд хамтран ажиллах;
-Орон нутгийн удирдлага, хамаарах бүс нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг оролцогчдод хүнд үйлдвэрийн салбарын онцлог, салбарын хууль тогтоомж болон бодит үр нөлөөг таниулахад чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах;
-“Үйлдвэрлэл, технологийн парк”-д нэн шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах зорилгоор өсвөр үеийнхэнд зориулсан “Ирээдүйн инженер” арга хэмжээг хамтран орон нутагт хэрэгжүүлэх;
-“Үйлдвэрлэл, технологийн парк”-д шаардлагатай хүний нөөц, ажиллах хүчний нөөц бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
-“Эрдэнэс ҮТП” ХХК нь “Үйлдвэрлэл, технологийн парк”-д шаардлагатай ажлын байрны 50-иас доошгүй хувийг орон нутгаас хангах, цаашлаад ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх
-Орон нутагт залуусын шинжлэх ухаан, инновацын төв байгуулах төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах;
-Үйлдвэрлэл, технологийн паркт байгаль орчинд ээлтэй, шинэ технологид суурилсан үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх дэмжих чиглэлээр хамтран ажиллах
-Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
-Орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тус тус үйлдвэрлэл технологийн паркийн төлөвлөлтийг тусгаж, хамтран ажиллах;
-Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэл технологийн паркт үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
Эдгээр болон бусад чиглэлээр талууд энэхүү санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах юм.
