“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сарын аян Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Д.Мэндбаяр нарын уриалгаар эхэллээ.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнд Багануур ХК нэгдэж 2022.04.01-ээс 2022.05.01-нйи өдрийг хүртэл нэг сарын хугацаатай аян зарлаж байна. Аяны хүрээнд хорт зуршлын эсрэг сургалт сурталчилгаа хийх, сэтгэл судлалын мэргэжилтнүүд, сайн дураараа архинаас татгалзагчдын “Гэрэл” бүлэгтэй хамтран ажиллах, Монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын жишиг болсон эрхэм хүмүүсийг урьж лекц уншуулах зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Өнөөдөр /2022.04.01/ компанийн захиргааны урилгаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва гэргий Ардын жүжигчин Д.Мэндбаярын хамт хүрэлцэн ирж “Гэр бүл-Эр хүний эрхэм чанар” сэдвийн дор гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлийн харилцаа, ёс уламжлалыг агуулсан сайхан яриа өрнүүллээ. П.Цэрэндагва гуай хэлэхдээ “Идээний дээж архи гэдэг ундааг хүртэж явсан үе бий гэсэн ч огт хэрэглэхгүй болоод удаж байна. Тамхинаас татгалзаад мөн л 10 гаруй жил болж байна” хэмээгээд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг эдгээр хорт зуршлаас хэрхэн татгалзсан тухайгаа яриад, хүний амьдралд гай зовлон, хагацал, харуусал, халуун нулимс дагуулдаг архидалтаас татгалзахыг уриаллаа.

Share this story!