
БАГАНУУР ХК, БАРЛОВОРЛД МОНГОЛИА ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГУУД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА САЙЖРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
- Posted on
- Odnoo
“Барловорлд Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд өнөөдөр “Багануур” ХК-нд хүрэлцэн ирж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, Технологийн автомашины засварын хэсэгтэй танилцаж, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад “Барловорлд Монголиа” ХХК-иас Гүйцэтгэх захирал Шон Уолш, Бүтээгдэхүүн дэмжих газрын захирал Питер Тапсон тэргүүтэй захирлууд оролцсон бол “Багануур” ХК-иас Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, Техникийн бодлого эрхэлсэн дэд захирал А.Энхболд, Хүний хөгжил судалгаа эрхэлсэн дэд захирал Д.Даваадаш тэргүүтэй удирдлагууд оролцож, хоёр байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо.
“Багануур” ХК 1992 оноос эхлэн катерпилларын тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмжийг ашигласан Монголын анхдагч компаниудын нэг болж байв.
Хоёр компанийн хамтын ажиллагаа сүүлийн 6 жилийн хугацаанд хүлээлтийн байдалтай байсны шалтгааныг хоёр талын удирдлагууд зөвшилцөж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ. Уулзалтаар “Багануур” ХК-ийн зүгээс “Барловорлд Монголиа” ХХК-д агрегат засварын болон урсгал засварын сэлбэгийн тендерт оролцох, сэлбэг нийлүүлэлтийн хугацааг багасгаж, бэлэн байдлыг хангах зэрэг саналыг тавьж хоёр тал харилцан тохиролцож ажиллахаар боллоо.
Түүнчлэн 2025 оны байдлаар “Багануур” ХК-нд катерпилларын 26 тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд үүнээс САТ-777D маркийн 100 тн-н даацтай 6 автосамосваль 1 сая км-с дээш гүйлттэй хэвийн ажиллаж байна.

