БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНТӨМӨР АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойг тохиолдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Бизъяагийн Гантөмөр төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнуулсан байна. Шагналыг өнөөдөр Багануур дүүргийн ЗДТГ-т Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Отгонболд нар гардуулж баяр хүргэлээ.

Ногоон лооль шиг түүхий амьтныг их уурхай маань хүн болгосон юм хэмээн хуучилсан тэрээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул. 1988 онд Политехникийн дээд сургуулийг Уулын цахилгаан-механикийн инженер мэргэжлээр төгсөөд Багануурын уурхайтай ажил амьдралаа холбосон түүхтэй. Тэрээр Нүүрс ангилан ачих хэсэгт КИП-Автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлж, Экскаваторын тохируулгын инженер, Цахилгааны хэсгийн дарга, Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал, Хангамжийн хэлтсийн дарга, Гүйцэтгэх захирал зэрэг ажил албан тушаалыг эрхэлж Багануур ХК-нд 17 жил ажилласан юм.

Түүнийг Техникийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байх хугацаанд “Монгол нүүрс” төсөл хэрэгжиж, Дэлхийн банк, Японы Засгийн газрын зээлээр техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж, төмөр замын тээвэртэй хөрс хуулалтын системээс автын тээвэртэй хөрс хуулалтын системд шилжиж эхэлсэн. Мөн компанийн хэмжээнд эрчим хүчний гэмтлийг 70 хувь хүртэл бууруулж, ЭКГ -4У экскаваторыг ЭКГ-8И, ЭШ 13/50 экскаваторыг ЭШ 10/70 болгох тохируулгын ажил хийгдсэн. Тэдгээр ажлуудыг амжилттай гүйцэтгэхэд Б.Гантөмөрийн оруулсан хувь нэмэр их гэж үеийн инженерүүд нь үнэлэн ярьдаг юм.

Хийсэн бүтээснээ төр засгаараа үнэлүүлж, төрийн дээд Алтангадас одонгоор шагнуулсан Б.Гантөмөр танд баяр хүргэж, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Share this story!