БАГАНУУР ХК-ИЙН ЗАСВАРЫН ХЭСГИЙН ДАРГА ГҮРСЭДИЙН СОРОНЗОНБОЛД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ УУРХАЙЧИН БОЛЛОО
- Posted on
- admin
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлигаар Багануур ХК-ийн Засварын хэсгийн дарга Гүрсэдийн Соронзонболд МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ УУРХАЙЧИН болсон нь уурхайчдад баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.
Г.Соронзонболд нь 1986 онд Багануурын уурхайд ирснээс хойш тасралтгүй 40 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1986-1990 онд Технологийн дамжлагын хэсэгт Засварчин, 1990-1992 онд цахилгаанчин, цахилгааны мастер, 1992-1997 онд Цахилгааны инженер, 1997-2006 онд Хүчилтөрөгч компрессор станцын механик, 2006-2017 онд Засварын хэсгийн инженер, 2017 оноос одоо хүртэл Засварын хэсгийн даргаар ажиллаж байна.
Түүний амжилтуудаас дурдвал: Технологи дамжлагын хэсэгт ажиллаж байхдаа технологи дамжлагын бункер дүүргэлтийг мэдрэх багаж санаачилж, ШБОС-ын шагнал авч байв. Мөн түүнчлэн 1997 оноос 2006 онд хүчилтөрөгч, компрессорын станцыг удирдан ажиллаж байхдаа Оросын мэргэжилтэнтэй хамтран уг станцын тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.
Засварын хэсгийн инженерээр ажиллаж байхдаа алхагч экскаваторуудын татах вилка, шууд утгуурт экскаваторуудын хөтлөгч одон дугуйг сэргээн засварлах, шинээр хийх ажлыг санаачлан хийснээс хойш одоог хүртэл компани дээрх сэлбэгүүдийг зах зээлээс худалдан авахгүй эдийн засгийн хэмнэлт хийж байна. 2016 онд үйлдвэрлэлийн ажлын шаардлагаар өвлийн оргил ачааллын үед хуучин сумны бэлдэц ашиглан ЭШ 10/70 экскаваторын 70м урт сумыг өөрийн санаачилгаар хийж байсан нь өнөөг хүртэл ашиглагдсаар байна.
Г.Соронзонболд нь 2017 онд тухайн үеийн Судалгаа хөгжлийн хэлтэстэй хамтран ЭШ 10/70 экскаваторын шанага үйлдвэрлэх төслийн ажлыг эхлүүлэн компанидаа дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж эхэлснээс хойш 2025 онд 8 дах шанагаа хийж дуусган хүлээлгэн өгсөн. Ингэхдээ анх ОХУ-ын шанаганы загварыг сайжруулан хийж байсан бол дараа нь АНУ-ын ESCO брэндийн шанаганы загвар хийцийг сайжруулан хийж, жилээс жилд хийц чанарт сайжруулалт хийсээр одоо Багануур ХК-нд ажиллаж буй 4 ширхэг ЭШ 10/70 экскаваторт 8 ширхэг импортыг орлох шанагатай болгож 2-3 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр нөлөө үзүүлээд байгаа юм.
Мөн компанийн уулын тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа өндөр болсон тул зах зээлийн хөрөнгө оруулалт бусад үйлдвэрлэлийн явцаас шалтгаалж захиалсан сэлбэг цаг хугацаандаа ирэхгүй, ирсэн ч их цаг алдаж ирдэг учир бүх төрлийн экскаваторыг хэвийн ажиллахад гол үүрэг гүйцэтгэгч эвдрэл саатал их гардаг сэлбэгүүдийг сэргээн засварлах, шинээр хийх ажлыг Г.Соронзонболдын удирддаг Засварын хэсгийн хамт олон хийж гүйцэтгэдэг юм. Тэд орчин цагийн техникийн хөгжил, гагнуурын технологи болон металл боловсруулах технологийн дагуу механик боловсруулалт хийж, сэргээн засварлаж ажилд оруулснаар компанийн эдийн засагт үр ашгаа өгөхийн сацуу, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Г.Соронзонболдын Багануур ХК-д төдийгүй Монголын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их билээ.
Монгол улсын “Гавьяат уурхайчин” Гүрсэдийн Соронзонболд танаар Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн уурхайчин хамт олон нь бахархаж байна. Танд дахин баяр хүргэж, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе