Монгол улсын болон азийн бүсийн технологийн тэргүүлэгч сургууль болохыг зорьж ажилладаг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь хоёр улсын засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсэн байгуулагдсан. Олон улсын стандартад нийцсэн, шилдэг сургуулиудын туршлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг тус сургуультай Багануур ХК өнөөдөр “THE FUTURE OF COAL BAGANUUR 2023” олон улсын эрдэм шинжилгээ, бизнес хамтын ажиллагааны өдөрлөгийн үеэр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь 10 жилийн түүхтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж стратегийн түвшинд хамтран ажиллах эхлэл боллоо. Хоёр тал санамж бичгийн хүрээнд:
• Харилцан туршлага солилцох, танилцах аяллууд зохион байгуулах;
• Оюутан дадлагажуулах болон менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төлөвшүүлэх, тогтворжуулах;
• Асуудал шийдэх эсвэл мэдлэг бүтээх хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх;
• Багануур ХК-ийн мэргэжлийн ажиллах хүчнийг чадавхжуулах богино хугацааны модуль сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, тогтворжуулах;
• Сургалт, дадлага, судалгааны дэд бүтцийг хөдөлмөрийн зах зээл, орчин цагийн шаардлагад нийцүүлэн сайжруулахад хамтарч ажиллах;
• Дэвшилтэт технологи, ахисан түвшний мэдлэг түгээх боломжийг хамтдаа ашиглах;
• Хамтарсан бизнес хөтөлбөр, төслүүдийг /Стартапп г.м/ дэмжин хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь Монгол улсын дээд боловсрол, хөдөлмөрийн зах зээл, эдийн засагт үр өгөөжтэй академи, аж үйлдвэрлэлийн түншлэл, харилцааг бий болгоход чухал ач холбогдолтой юм.