
“БАГАНУУР” ХК, ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- Posted on
- admin
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын нэрэмжит ГУУС-ийн магистрант, докторант оюутны 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын эрдэм шинжилгээний ээлжит хурал өнөөдөр /2025.04.04/ Багануур ХК-ийн “Алтан Уурхай” их танхимд боллоо.
Ахисан түвшний эрдэм шинжилгээний хуралд 4 докторант, 6 магистрант оролцсоны дотор Багануур ХК-ийн 3 ажилтан илтгэл хэлэлцүүллээ.
“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ: “Яг жилийн өмнө энэ танхимд болсон ахисан түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан Багануурын уурхайг түшиглэн үйлдвэр технологийн парк байгуулах том зорилготой байна. Үүнийг толгой компани Эрдэнэс Монгол нэгдэл болон МУ-ын Засгийн газар дэмжсэн хэмээн танилцуулж байсан бол яг энэ цаг үед Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарч, үүнээс хамгийн түрүүнд буюу нэн яаралтай хэрэгжүүлэх төсөл бол Багануурын үйлдвэр технологийн паркийн төсөл гэж үзэж байгаа. Тэр утгаараа Засгийн газраас төсөлтэй холбоотой 3 шийдвэр гарсан байгаагаас гадна төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр анхаарал тавин ажиллаж байна. Тэгэхээр манай уурхайг түшиглэн хүрэн нүүрсийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой Багануур ҮТП-ийн Нүүрс химийн цогцолбор, Нүүрс пиролизын үйлдвэрийн төсөл анхнаасаа эрдэм шинжилгээ судалгааны төв болох ёстой гэж үзэж байна. Тиймээс манай 2 байгууллагын хамтын ажиллагаа маш чухал юм” гэлээ.
Эрдэм шинжилгээний хурлын эхэнд ГУУС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, дэд профессор К.Хавалболот “Эрдэс баялгийн салбар-Хиймэл оюун ухаан” сэдвээр илтгэл тавилаа.
Эрдэм шинжилгээний II хурлын шүүгчээр тус сургуулийн эрдэмтэн багш доктор, профессоруудаас гадна “Багануур” ХК-иас Монгол улсын зөвлөх инженер, доктор Х.Хашбат, зөвлөх инженер, техникийн ухааны магистр Т.Амарсанаа нар ажиллалаа.
Эрдмийн зэрэг горилогчдын танилцуулсан илтгэлийг асуудлаа тодорхойлсон байдал, хэрэглээ, ач холбогдол, шийдвэрлэсэн байдал, онцлог шийдэл, техник технологи, эдийн засгийн судалгаа, тооцоолол зэргийг харгалзан дүгнэж байр эзлүүллээ.
Магистрантуудаас “Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн М.Эрдэнэтуяа тэргүүн байранд шалгарсан бол “Багануурын хүрэн нүүрсний ордын илчлэг багатай хэсгийг олборлох боломж” сэдвээр итгэл танилцуулсан магистрант М.Мөнхбаясгалан дэд байранд, гутгаар байранд “Эрдэнэтийн дүүргийн Оюут зэс молибдений ордын агуулагч чулуулгийн петрографи” сэдвээр илтгэл танилцуулсан магистрант Я.Батзаяа нар тус тус шалгарлаа.
Докторантуудаас “Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан байгуулах төслийн суурь судалгаа, дизайны шийдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн докторант М.Отгон тэргүүн байранд шалгарсан бол дэд байранд “Ил уурхайд тэсэлгээгээр үүсэх чичирхийллийн үйлчлэлийн нөлөөллийг тодорхойлсон судалгааны зарим үр дүн” сэдвээр илтгэл танилцуулсан докторант Г.Түвшинжаргал, гутгаар байранд “Газрын тосны орд газрын хөрсний дээжид хийсэн шинжилгээний зарим үр дүнгээс” сэдвээр илтгэл танилцуулсан докторант Э.Батцэцэг шалгарлаа.
Ийнхүү Багануур ХК, ШУТИС-ийн Геологи, Уул Уурхайн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний 2 дугаар хуралд амжилттай болж өндөрлөлөө.




