БАГАНУУР ХОККЕЙН КЛУБЫН 15 НАСТАЙ ХОЁР ТАМИРЧИН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

Дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Узбекистан улсын Ташкент, Самарканд хотуудад 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Монгол улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцохоор Узбекистаныг зорьсон үндэсний шигшээ багт Багануур ХК-ийн дэргэдэх Багануур хоккейн клубын тамирчин Түвшинтөрийн Чинбилэг, Энхбатын Чинхүслэн нар явсан бол үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Багануур ХК-ийн Багануур хоккейн клубын дасгалжуулагч, шайбтай хоккейн ОУХМ И.Алтангэрэл явсан юм.

Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд 10 орны баг өрсөлдсөнөөс манай улсын баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаллийн эзэн боллоо. Монголын баг хэсэгтээ Энэтхэгийн багийг 32:0, Макаогийн багийг 25:0, Индонезийн багийг 8:2 харьцаатайгаар хожсон бол Тайландын багт 6:3-аар хожигджээ. Улмаар хагас шигшээ тоглолтонд АНЭУ багийг 4:2 харьцаатайгаар хожсоноор хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан байна.

15 настай хэдий ч 18 хүртэлх насны Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаж, бэлтгэл сургуулилтаа ханган Азийн шилдгүүдтэй өрсөлдөж амжилт гарган, олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртсэн Багануур хоккейн клубын өсвөрийн тамирчин Т.Чинбилэг, Э.Чинхүслэн нартаа халуун баяр хүргэе

Багануур хоккейн клубээс үндэсний шигшээ багт дуудагдаж, тив дэлхийн тэмцээнд амжилт гаргах чадвар чансаатай олон тамирчин бэлтгэж буй дасгалжуулагч ОУХМ И.Алтангэрэл, СМ Ц.Одсайхан нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье

Шайбтай хоккейн спортыг дүүрэг орон нутагтаа хөгжүүлэхийг зорьж, Монгол улсын ирээдүйн шигшээ багийн бүрэлдэхүүнд олон шилдэг тамирчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, бүх талаар дэмждэг Багануур хоккейн клубын тэргүүн, Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал танд талархал илэрхийлье

Share this story!