“БИЗНЕС, ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА БА ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
- Posted on
- admin
“Багануур” ХК, Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуультай хамтран “Бизнес, эдийн засгийн судалгаа ба хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2025.05.02/ Багануур ҮТП-ийн “Хөх нүүрс” төсөл хэрэгжих байрны шинэ сургалтын танхимд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд “Багануур” ХК-ийн Стратеги, хөгжил хариуцсан менежер Д.Даваадаш, Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Бизнес хөгжил, эрсдэлийн удирдлагын хэлтэс, ХАБЭА, байгаль орчны хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессорууд болон бакалавр, магистрын оюутнууд оролцлоо. МУИС-ийн Бизнесийн сургууль нь жилийн турш эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулдаг. Харин үйлдвэрлэлийн орчинд анх удаа эрдэм шинжилгээний хурал болж байгаа нь сонирхолтой бөгөөд маш их үр өгөөжтэй боллоо хэмээн эрдэмтэн багш нар онцоллоо. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал нь эрдэмтэн багш нар, судлаачид, оюутнууд уул уурхайн салбарын хөгжил, байгаль орчин, тогтвортой хөгжил, гадаад худалдаа, уул уурхайд валютын ханшийн нөлөө зэрэг чиглэлээр өөрсдийн хийсэн судалгааны үр дүнг илтгэлээрээ танилцуулж, “Багануур” ХК-ийн мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцох боломжийг олгосон юм. Тухайлбал:
– Доктор, дэд профессор Б.Энх-Амгалан “Уул уурхайн салбар хөгжсөн аймгуудын ДНБ ба хүн амын өсөлтийн хоорондын хамаарал” сэдвээр;
– Доктор Г.Гүнбилэг “Валютын ханшийн гадаад худалдааны тэнцэлд үзүүлэх нөлөө” сэдвээр;
– Доктор, дэд профессор Г.Отгонсүрэн “SDG impact Standart-ийг аж ахуй нэгжид нэвтрүүлэх нь” сэдвээр;
– Доктор Н.Батжаргал “Орон нутгийн санхүүгийн бие даасан байдалд уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө”сэдвээр;
– Магистрант Л.Баянжаргал “Түүхий эдийн үнийн валютын ханшид үзүүлэх нөлөө” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан нь уурхайчдын хувьд үр өгөөжтэй, илтгэлүүдээс дэлгэрүүлж асуух, хэрэгжүүлж болохуйц санаа авах зүйлүүд олон байв. Харин “Багануур” ХК-ийн Стратеги, хөгжил хариуцсан менежер Д.Даваадаш “Багануур ХК-ийн Санхүү эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцуулсан нь МУИС-ийн багш, оюутнуудын төрийн өмчит компанийн талаарх хэвшмэл ойлголт, тэр дундаа “Багануур” ХК-ийн талаарх ойлголт, төсөөллийг өөрчилсөн тухай тэд хэлж байв. Тэд энэ тухайгаа “Багануурын уурхай дээр ирэхэд хөгжил үнэртэж байна, энэ цаг үеийн удирдлагуудын шийдвэр гаргалтаас эрч хүч, эр зориг үнэртэж байна” гэж хэллээ. Ийнхүү 2025 он гарсаар Багануур ХК-нд зохион байгуулсан хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал болох Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуультай хамтарсан “Бизнес, эдийн засгийн судалгаа ба хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

