Эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн уурхайчин хамт олон жилд 2 удаа хавар намрын улиралд бүгдээрээ уулзаж зөвлөлдөн, ажил хэрэгч санал солилцдог уламжлал тогтоод буй. 2023 оны бүх ажилтнуудын хаврын зөвлөгөөн өнөөдөр /2023.05.09/ боллоо. Эхлээд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал 2022 оны 10-р сард болсон намрын зөвлөгөөнөөс хойш хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2023 оны эхний 4 сарын үйлдвэрлэлийн болон санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал, Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэрүүдийг мэдээлж, оны үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Дараа нь компанийн Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэн, Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал А.Энхболд нарын хамт ажилтнуудынхаа асуулт, санал хүсэлтийг хүлээн авч хариулт өглөө. Бүх ажилтнуудын зөвлөгөөнөөр өмнө нь ажилтнуудын санал хүсэлтийн дээлэнх хувийг цалин хөлс, хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт, сэлбэг материалын хүрэлцээ чанар зэрэг асуудлууд эзэлдэг байсан бол өнөөдрийн зөвлөгөөнөөр ажилтнууд компанийнхаа хэтийн төлөв, цаашдын хөгжлийн бодлого зорилт, хувь хүний болоод хамт олны сургалт хөгжлийн талаар санал хүсэлтээ түлхүү илэрхийлсэн юм.
Ийнхүү компанийн захиргаа ажилтнуудтайгаа ил тод мэдээлэл солилцож, тэднийхээ санал хүсэлтийг бодлого шийдвэртээ тусган ажиллаж байгаа нь ажилтнуудын хандлага, уур амьсгалд эерэгээр нөлөөлж байна.