ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦИУДТАЙ 2023 ОНЫ ГЭРЭЭГЭЭ ДҮГНЭЛЭЭ.

Өнгөрөгч 7 хоногт гол хэрэглэгч цахилгаан станциудтайгаа өнгөрсөн оны гэрээгээ дүгнэж, 2024 оны гэрээг байгууллаа. ДЦС-4 ТӨХК 2023 онд 2240.6 мян.тн нүүрс авсан нь өмнөх оноос 113.6 мян.тн-р илүү бөгөөд тус компани хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангаж ажилласнаар 4871,4 сая кВт цаг цахилгаан эрчим хүч, 4636,9 мян Гкал дулаан үйлдвэрлэсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. ДЦС-3 ТӨХК нь 2023 онд 1132.3 сая.кВтц цахилгаан эрчим хүч боловсруулж, 2528.0 мян.Гкал дулааны эрчим хүч түгээсэн нь мөн түүхэн дэх хамгийн өндөр цахилгаан эрчим хүчийг түгээсэн үзүүлэлт болжээ. Тус станцын хувьд 1440.0 тн нүүрс авах төлөвлөгөөтэй ажилласан ч цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотой нүүрсний зарцуулалт нэмэгдэж 1496.9 мян.тн нүүрс авсан нь төлөвлөгөөнөөс 82.4 мянган тонноор давсан байна. Эдгээр станциудын удирдлагууд гэрээ дүгнэх үеэр урьд өмнөх жилүүдийнхээс илүү ачаалалттай ажиллаж, түүхэнд байгаагүй өндөр хэмжээний цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд Багануур ХК-ийн найдвартай ажиллагаа гол үүрэг гүйцэтгэлээ хэмээн онцолж, уурхайчин хамт олонд маань талархал илэрхийллээ.

Мөн түүнчлэн өнгөрөгч онд ДЦС-2 ТӨХК нүүрс авах төлөвлөгөөнөөсөө 18.2 мян.тн, Дархан ДЦС 19.6 мян.тн нүүрс илүү авч өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг ханган ажилласан юм.

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудаас гадна Төв, Хэнтий, Сэлэнгэ аймаг Налайх, Багануур дүүргийн дулааны станциудын захиалгын дагуу 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гол хэрэглэгч болох дулааны цахилгаан станциуд хамтын ажиллагаандаа сэтгэл ханамжтай байгаа нь уурхайчин хүн бүрийн ажлын амжилт юм.

Share this story!