Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Багануур ХК, “Хустайн байгалийн цогцолборт газар” төв ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, өнөөдөр /2024.06.05/ Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, “Хустайн байгалийн цогцолборт газар” төв ТББ-ын захирал Ц.Дашпүрэв нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Санамж бичиг байгуулж буй хоёр байгууллагын удирдлагууд ийм утга учиртай өдөр хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаагаа бэлгэшээж, амжилт хүслээ.
Энэхүү санамж бичиг нь 2027 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаанд мөрдөгдөх бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ан амьтан нутагшуулах, уурхайн ажилтнуудын байгаль хамгаалал, экологийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой.
Санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн эхний ажлыг 6,7 дугаар сард хэрэгжүүлэх бөгөөд энэ нь Хустайн байгалийн цогцолборт газраас 50 ширхэг Монгол тарвагыг Багануур ХК-ийн эдэлбэр талбайд нутагшуулах ажил юм.Тарвагыг шинжлэх ухааны нэр томъёогоор хээрийн инженер гэж нэрлэдэг. Учир нь тарвага хөрсний агаарын солилцоог хангаж, ургамалжилт болон ургамал нөхөн сэргэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг амьтан.
Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж Монгол тарвага 1990 оноос хойш эрс хомсдож, тархац нутгийнхаа ихэнх хэсэгт устаж үгүй болжээ. Тиймээс Багануур ХК Монгол орны экосистемийн түлхүүр зүйл болох тарвагыг компанийнхаа бүсд нутагшуулан, тоо толгойг нэмэх, хамгаалах зорилго тавьж байгаагийн сацуу энэ жил зохион байгуулж буй уурхайчдынхаа XV спортын наадмын бэлгэ тэмдэг амьтнаар сонгосон юм.
Цаашид уурхайчид болон тэдний гэр бүлүүдийн байгаль хамгаалал, экологийн боловсролыг дээшлүүлэх ажлыг 2 байгууллага хамтран зохион байгуулахаас гадна, 2025 онд Багануур дүүргийн бүс нутагт халиун буга нутагшуулах ажлыг судалж, хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Дашрамд дурдахад “Хустайн байгалийн цогцолборт газар” төв ТББ нь дэлхий дээр үлдсэн цор ганц, сүүлчийн зэрлэг адууны зүйл болох тахийг нутагшуулах Монгол Голландын хамтарсан төслийг 1992 оноос хойш амжилттай хэрэгжүүлж буй байгууллага юм.