Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдадаа тусалъя” аян өрнүүлэх уриалга гаргасан. Энэхүү уриалгад “Эрдэнэс Монгол” ХХК, түүний нэгдлийн компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, сумдын хэмжээнд зудын гамшигт нэрвэгдээд байгаа малчдад эрүүл мэндийн болон шаардлагатай бусад зүйлээр тусламж үзүүлэх, сум баг хоорондын зам давааг нээх зэрэг арга хэмжээг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион байгуулахыг дурдсан.
Засгийн газар, толгой компанийнхаа уриалгыг дэмжин “Багануур” ХК-ийн Гамшгаас хамгаалах штаб шуурхай арга хэмжээ авч Багануур дүүрэгтэй хил залгаа Хэнтий, Төв аймгийн 17 сум, тосгоны малчдад тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, ажилтнуудынхаа дунд аян өрнүүлэв.
Малчин түмнээ хүнд бэрх цаг үеийг гарз багатай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 260 тн /8660 шуудай/ нүүрс, 1500 шуудай хивэг, 15000 ширхэг ажлын бээлий, 1500 ширхэг хөвөнтэй бээлий, 1930 ширхэг салхи шуурганаас хамгаалах малгай болон бусад бараа материал зэрэг уурхайчдынхаа халуун сэтгэл шингэсэн тусламжийг компанийн удирдлагууд сумдуудад хүргэж, хүлээлгэж өглөө.
Нүүрс, тэжээл, эд материалын тусламжаас гадна компанийн тоног төхөөрөмжөөр зэргэлдээх сумдын зам давааг нээх, засах ажлыг гүйцэтгэж байна.
Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд Багануур дүүргийн Хуцаагийн ам, Цагаан хөтөл, Улаан эрэг чиглэлд 70 км, Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багаас Баянжаргалан сумын төв хүртэл 60 км, Галуут багийн Их худгийн даваа, Хуурайн даваа, Цагаан чулуут, Цагаан хөтөл, Хужирын толгой чиглэлд 140 км, Баяндэлгэр сумын Байдлаг багийн Хужиртайн ам, Рашаантын ам, Тахилтын ам, Байшинт, Тогосын хоолой чиглэлд нийт 185 км, Төв аймгийн Эрдэнэ сумаас Архуст сум хүртэл 60 км, Цэнхэрмандал сумын Нугаар баг чиглэлд 80 км тус тус түрж одоогийн байдлаар нийт 595 км хамарсан зам давааг нээгээд байна.