МИНИЙ СОНГОЛТ МИНИЙ ИРЭЭДҮЙ СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Багануур ХК-ийн захиргаанаас уурхайчдынхаа хүүхдүүдэд компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж, уул уурхайн салбарт ажиллах боломжтой мэргэжил сонгохоор зэхэж буй сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор жил бүр өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай.

Миний сонголт миний ирээдүй өдөрлөгт оролцож буй Ерөнхий боловсролын сургуулийн 10,11-р ангид суралцаж буй хүүхдүүдийн зарим нь ирээдүйд эзэмших мэргэжлээ хэдийн тодорхойлоод тэр чиглэлээрээ хичээл сонголтоо хийчихсэн байдаг бол зарим нь хараахан шийдэж амжаагүй байдаг.

Монгол улсын эдийн засгийн гол тулгуур, тэргүүлэх чиглэл болсон уул уурхайн салбарт ажиллахыг мөрөөдөн энэ чиглэлээр мэргэжил эзэмшихийг зорьж буй хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа өгөх нь энэхүү өдөрлөгийн зорилго юм.

Өнөөдөр өдөрлөгт Багануур дүүргийн 4 сургуулийн 10,11-р ангид суралцдаг уурхайчдын 140 орчим хүүхэд оролцлоо. Хөтөлбөрийн дагуу хүүхдүүд эхлээд гадны зочдын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг харах цэгт очиж олборлолтын үйл ажиллагааг үзээд дараа нь нүүрс бутлан ачих хэсэг, уулын тоног төхөөрөмжийн засварын хэсэг, технологийн авто машин механизмын засварын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн компанийн түүхэн хөгжлийн танхим, хөл бөмбөгийн алдрын танхимыг үзэж танилцаад Алтан уурхай их танхимд орж мэргэжлийн инженерүүдтэй уулзалт ярилцлага хийж, сэтгэл судлаачийн сургалтанд хамрагдав.

Багануур ХК-нд амжилттай ажиллаж байгаа уурхайчид өөрсдөө хэрхэн мэргэжлээ сонгож, суралцсан тухай, уул уурхайн салбарт ажиллах боломжтой мэргэжил сонгохоор төлөвлөж буй хүүхдүүд ямар хичээлийг илүү түлхүү судлах тухай болоод уурхайчин хүний ажлын онцлог сэдвээр яриа хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.

Дараа нь сэтгэл судлаач хүүхдүүдийг өөрийгөө хэрхэн олох, зан чанараа хэрхэн тодорхойлох, сонирхож хүсч буй мэргэжлээ сонгохын тулд өөрийгөө яаж хөгжүүлэх талаар сонирхолтой сургалт зохион байгуулснаар өдөрлөг өндөрлөлөө.

Share this story!