МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР

Өнөөдөр Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол цэргийн өдөр. Хугацаат цэргийн албанд татагдсан цэрэг эрс зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэгт алба хааж эх орныхоо дархан хил, тусгаар тогтнолыг хамгаалдаг бол уурхайчин эрчүүд жилийн 365 хоногт 24 цагаар тасралтгүй ажиллаж, эх орныхоо гал голомтыг сахин хамгаалдгаараа цэргийн албатай адилтган үзэх хүндтэй хийгээд хариуцлагатай үүрэг хүлээн ажилладаг. Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн, Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” ХК-ий 1200 ажилтны 87 хувь нь эрчүүд байдаг. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан уурхайчин эмэгтэйчүүд санаачлан Багануур дүүргийн Хилийн цэргийн 0252 дугаар ангитай хамтран “Цэргийн нэг өдөр” нэвтрүүлэг бэлтгэснээ өнөөдөр уурхайчдадаа үзүүллээ. Цэргийн нэг өдөр нэвтрүүлэг нь уурхайчин залуустаа эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, цэрэг, эх оронч үзлийг дэлгэрүүлэх ач холбогдолтой бөгөөд хэсэг бүрийн төлөөлөл болсон цэргийн алба хаагаагүй 10 ажилтанг оролцуулсан. Эдгээр залуус хугацаат цэргийн алба хаагчийн үүргийг нэг өдөр гүйцэтгэж, цэргийн дүрэм журамтай танилцаж, дасгал сургуулилт, норм нормативд суралцсан юм. Үүний дараа уурхайчин эмэгтэйчүүд бяцхан урлагийн тоглолт бэлтгэн эрчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ.

Share this story!