МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO/IEC 27001:2022 ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ БОЛЛОО
- Posted on
- admin
Багануур ХК стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглагч байгууллагад хамаардаг. Тэр ч утгаараа ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлэх нь компанийн хөгжлийн стратегид онцгой ач холбогдолтой юм. Уул уурхай, эрчим хүчний салбарын байгууллагын хувьд үйлдвэрлэлээс гадна мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, технологийн дэвшлийг зөв ашиглах шаардлагатай. Тиймээс хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, нийт хувьцаа эзэмшигчид болон иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхийн төлөө мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO/IEC 27001:2022 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг 2025 оны 9-р сараас эхлүүлсэн. Стандарт нэвтрүүлэх ажлын зөвлөх үйлчилгээг “Ворлд стандарт консалтинг” ХХК үзүүлж байгаа. 9-р сараас хойш ажлын хэсэгт 5 удаагийн сургалт хийсэн бол өнөөдөр компанийн дунд болон дээд шатны удирдлагуудад сургалт зохион байгууллаа.
Аливаа стандартыг хэрэгжүүлэхэд байгууллагын удирдлагуудын манлайлал маш чухал байдаг. Тэд байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бодлого, зорилтыг батлах, стандартын хэрэгжилтийн үр дүнг хэмжиж байнга сайжруулалт хийж дэмжих шаардлагатай байдаг тул өнөөдрийн энэхүү сургалт ач холбогдолтой юм. “Ворлд стандарт консалтинг” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ 9 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд түүнээс хойш төлөвлөсөн хугацаандаа стандартаа нэвтрүүлбэл Багануур ХК уул уурхайн салбарт мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 олон улсын стандарт нэвтрүүлсэн анхны компани болох боломжтой юм.