ОЛОН УЛСЫН ISO/IEC 27001:2022 МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, СТАНДАРТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
- Posted on
- admin
Багануур ХК Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн, онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагын жагсаалтын 19.1.16-д заасны дагуу “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглагч” байгууллагад хамаардаг.
Тиймээс хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, нийт хувьцаа эзэмшигчид болон иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхийн төлөө олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна.
Төслийн нээлтэд компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд болон захирлын зөвлөлийн гишүүд, “Ворлд стандарт консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав, төслийн зөвлөх баг, ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо.
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд төслийн нээлтийн үгэндээ: “ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлснээр Багануур ХК-ийн компанийн мэдээллийн системийн найдвартай ажиллагаа бүрэн баталгаажиж, ажилтнуудын хариуцлага, мэдлэг, ур чадварын түвшин шинэ шатанд хүрнэ. Мөн олон улсын жишигт нийцсэн цахим засаглалын тогтолцоог төлөвшүүлэх бат бөх суурь бүрдэх бөгөөд энэ нь зөвхөн хууль, эрх зүйн шаардлага биелүүлэх төдий бус, харин компанийн ирээдүйд чиглэсэн стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт” хэмээн онцлов.
ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлэх нь компанийн хөгжлийн стратегид онцгой ач холбогдолтой юм. Уул уурхай, эрчим хүчний салбарын байгууллагын хувьд үйлдвэрлэлээс гадна мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, технологийн дэвшлийг зөв ашиглах шаардлагатай.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт “Ворлд стандарт консалтинг” ХХК шалгарч, 2025 оны 9-р сарын 18-ны өдрөөс ажлаа ийнхүү албан ёсоор эхлүүллээ.
Багануур ХК 2017 оноос ХЭМАБ-ын ISO 45001:2018 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд түүн дээрээ тулгуурлан ISO/IEC 27001:2022 стандартыг хэрэгжүүлснээр нэгдсэн менежментийн тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан Монгол Улсын уул уурхайн салбарт тэргүүлэгч, олон улсын стандартад нийцсэн компани болон хөгжих боломжтой юм.

