ТОМИЛОЛТЫН МЭДЭЭ №1

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Чех улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар тус улсад 2025 оны 03-р сарын 09-өөс 03-р сарын 12-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж буй. Тус улсын Уул Уурхай, технологийн ассоциацийн урилгаар “Багануур” ХК-ийн төлөөлөл Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд явсан бөгөөд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод болж буй “Монгол-Чехийн бизнес форум”-д оролцож буй.

Тэд томилолтын эхний өдөртөө МҮХАҮТ-ийн гишүүн байгууллагуудын төлөөллийн хамт Прага хотын хөрөнгийн биржид ажилласан байна. Зочдыг тус хөрөнгийн биржийн захирал Петр Коблик хүлээн авч уулзан, үйл ажиллагаагаа танилцуулжээ. Петр Коблик захирал уулзалтын үеэр Европын сэргээн босголтын банктай хамтын ажиллагаатай бөгөөд энэ чиглэлээрээ эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг татдаг, хөрөнгө оруулалтын сангийн эрэмбээр дэлхийд 5 дугаарт эрэмбэлэгддэг хэмээн танилцуулсан байна.

Мөн эрчим хүчний салбарын компаниудын ерөнхий үйл ажиллагаа хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь бага байдаг, харин компаниудын санхүүгийн сахилга бат, худалдан авах ажиллагааны ил тод нээлттэй байдал нь хөрөнгө оруулалт татах гол үзүүлэлт болдог хэмээсэн байна.

Тус хөрөнгийн бирж 154 жилийн түүхтэй бөгөөд хувьцааных нь 90 гаруй хувийг Австрийн Вена хотод байрлах хөрөнгийн бирж эзэмшдэг. 2007 оноос эхлэн эрчим хүчний чиглэлийн хөрөнгийн биржээр үйл ажиллагаа явуулж буй аж. Анх 20 оролцогчтой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 500 гаруй оролцогчтой байгаагийн 230 оролцогч нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Share this story!