
ТОМИЛОЛТЫН МЭДЭЭ №2
- Posted on
- admin
“Багануур” ХК-ийн төлөөлөл Бүгд найрамдах Чех улсын Уул Уурхай, технологийн ассоциацийн урилгаар Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан тус улсыг зорьж “Монгол-Чехийн бизнес форум”-д оролцсон. Бизнес форумын үеэр тус улсын уул уурхай, машин тоног төхөөрөмжийн ассоциацийн гишүүн байгууллагуудтай уулзалт хийж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Дараа нь “Tusimice” уурхай болон, цахилгаан станцийн үйл ажиллагаатай танилцаад, томилолтын төлөвлөгөөний дагуу ХБНГУ-ын Лихтерфельд хотыг зорьжээ.
Лихтерфельд хотод “F60” музей, аялал жуулчлалын газартай танилцсан байна. “Хэвтээ Эйфель” нэрээр алдаршсан “F60” музейг үзэж танилцсан нь Багануурын уурхайг түшиглэн байгуулахыг зорьж буй “Төмөр динозавр” төслөө хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс “Хариуцлагатай уул уурхай”, “Аялал жуулчлал”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”, “Хөдөө аж ахуй”-н салбарыг тус тус эдийн засгийн тэргүүлэх чиглэлдээ онцолж, урт хугацааны хөгжлийн бодлогодоо тусгасан. Тиймээс “Багануур” ХК нийгмийн хариуцлага, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэл, тогтвортой хөгжлийг хангах, уурхайн нөөц дуусах хүртэлх олон талын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс өөрийн нөөц, боломждоо тулгуурлан “Төмөр динозавр” төсөл боловсруулан соёл, аялал жуулчлалын цогцолцорыг шинээр байгуулахаар төлөвлөөд байна.
Багануурын уурхайг түшиглэн шинээр байгуулахаар төлөвлөсөн “Төмөр динозавр” соёл, аялал жуулчлалын цогцолбор нь Монголын хүн ам ихээр төвлөрсөн томоохон төв суурин газартай хамгийн ойр буюу Улаанбаатар хотоос зүүн урагш 130 км зайд, Хэрлэн голын сав газар, Улаанбаатараас Багануур дүүрэг орох төв авто замын замын урд байрлахаар төлөвлөсөн.
“Төмөр динозавр” соёл, аялал жуулчлалын цогцолцор нь олон нийтэд нээлттэй хүүхэд залуучуудад шинжлэх ухаан, танин мэдэхүй, техник технологийн мэдлэг олгох зорилготой, гадаад дотоодын аялал жуулчдын зорьж очих шинэ чиглэл бий болгох, уурхайн ашиглагдсан талбайн нөхөн сэргээлтийг бүтээлчээр ашиглах олон улсын туршлагыг нэвтрүүлэх, бүс нутгийн болон улс орны эдийн засгийн үр өгөөжийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах үндсэн зорилгыг агуулж буй юм.
“Төмөр динозавр” соёл, аялал жуулчлалын цогцолцорт олон улсын болон улсын хэмжээн дэх эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, уралдаан наадмыг санаачлан хөгжүүлж, орон нутгийг сурталчлах, эдийн засгийн эх үүсвэр бий болгох талаар идэвхитэй ажиллах үүрэг хүлээнэ. Mining Mongolia, Coal Mongolia зэрэг хурал, чуулган, ITM Mongolia аялал жуулчлалын үзэсгэлэн, сэдэвчилсэн сургалт арга хэмжээг зохион байгуулах хурлын танхим, үзэсгэлэнгийн танхим, уул уурхай, авто механизм, адал явдалт төрлийн тоглоомоор тоглох боломжит виртуаль тоглоомын төв, хүлээн авалтын танхим болон бусад дагалдах зочлох үйлчилгээг нэг дор хүргэх боломжийг бүрдүүлэх юм.

