“ТӨМӨР ДИНОЗАВР” СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГАА БОЛОВСРУУЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Багануур ХК 2024 оноос уурхайгаа түшиглэн “Төмөр Динозавр” түүх, соёл, аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөн төсөл боловсруулан ажиллаж буй. Энэхүү соёл аялал жуулчлалын цогцолбор нь олон нийтэд нээлттэй соёл, спорт, танин мэдэхүй, аялал жуулчлалын үйлчилгээг нэвтрүүлэх, уурхайн ашиглагдсан талбайн нөхөн сэргээлтийг бүтээлчээр ашиглах олон улсын туршлагыг нэвтрүүлэх, бүс нутгийн болон улс орны эдийн засгийн үр өгөөжийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, гадаад дотоодын аялагч жуулчдын зорьж очих шинэ чиглэл бий болгон, соёлын аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулах үндсэн зорилготой. 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Гэрэгэ дижитал технологи ХХК-тай гэрээ байгуулан “Төмөр Динозавр” түүх соёл, аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн үзэл баримтлал, ерөнхий төлөвлөлтийн ажлыг гүйцэтгүүлсэн. Тэгвэл энэхүү ажлын үргэлжлэл буюу төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай Техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа (ТЭЗУС) боловсруулах ажлыг мөн тус компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, 2025.05.16-ны өдөр Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, Гэрэгэ дижитал технологи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Билгүүн нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа боловсруулах гэрээт ажлын хөлс 99 сая төгрөг бөгөөд Багануур ХК өнгөрөгч 2024 онд менежментийн үйлчилгээний үр дүнд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний системд шаардлагатай түлшийг амжилттай нийлүүлж, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулсан, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, нэгдлээс зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүдэд манлайлж оролцсон үзүүлэлтээр Эрдэнэс Монгол Нэгдлийн 2024 оны “Алтан эрдэнийн цом”-ын эзэн болж 100 сая төгрөгөөр шагнуулсан. Энэхүү шагналын мөнгөөрөө уг гэрээт ажлыг санхүүжүүлж, ирээдүйн их бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахаар шийдвэрлэснийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал гэрээнд гарын үсэг зурах үеэр онцлон дурдлаа. Гэрээт ажлын үргэлжлэх хугацаа 120 хоног. Гүйцэтгэгч байгууллагын зөвлөхөөр Соёлын өвийн үндэсний төв, судлаач, соёл судлалын ухааны доктор Г.Энхбат ажиллаж, дараах чиглэлээр ажил гүйцэтгэнэ. Үүнд:

Төслийн ерөнхий мэдээлэл, зах зээлийн эрэлтийн судалгаа

– Зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлага,

– Хэтийн төлөв, тогтвортой байдал,

– Төслийн үндсэн үйл ажиллагаа, хийгдэх ажлын мэдээлэл,

– Соёл, аялал жуулчлалын эвент арга хэмжээний төлөвлөлт

Урьдчилсан төлөвлөлт

– Төслийн урьдчилсан ерөнхий төлөвлөгөө,

– Зам талбай, ногоон байгууламж болон гадна тохижилтын ажил,

– Барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн шийдэл,

– Инженерийн хангамж (цахилгаан хангамж, усан хангамж, шилэн кабель).

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ

– Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл ба түүнийг бууруулах арга хэмжээ,

– Орон нутгийн иргэдэд үзүүлэх эдийн засаг, нийгмийн үр нөлөө,

– Ажлын байрны боломж, орон нутгийн хөгжлийг дэмжих нөлөө

Санхүү, эдийн засгийн тооцоолол

– Анхны хөрөнгө оруулалтын зардал (барилга, тоног төхөөрөмж, маркетинг г.м),

– Жилийн үйл ажиллагааны зардлын тооцоолол,

– Төслийн өгөөж, ашигт ажиллагааны тооцоо

Эрсдэлийн үнэлгээ ба удирдлага, Хяналт, үнэлгээний тогтолцоо.

Share this story!