УУРХАЙЧДЫН БАЯР

Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 103 жил, уурхайчдын баярын өдрийг Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур Хувьцаат Компанийн уурхайчин хамт олон тэмдэглэн өнгөрүүллээ. Уурхайчдын баярын үйл ажиллагаанд Эрдэнэс Монгол ХХК-ийн Захиргаа Удирдлагын газрын дарга Э.Дөлгөөн, “Багануур” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал, Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Төгөлдөр, Багануур дүүргийн засаг дарга С.Даваасүрэн нар хүрэлцэн ирж, уурхайчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн түүнчлэн баярын хурлын эрхэм хүндтэй зочид болох Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат уурхайчин Г.Отгонпүрэв, Монгол улсын Гавьяат уурхайчин Д.Дамбапэлжээ, Монгол улсын Гавьяат уурхайчин С.Батжаргал, Монгол улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Р.Сундуй, Монгол улсын Гавьяат уурхайчин Б.Эрдэнэбат, Монгол улсын Гавьяат уурхайчин П.Чулуун-Эрдэнэ, Монгол улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ч.Дашбаатар, Монгол улсын Гавьяат уурхайчин Ш.Энхболд нар уурхайчдадаа баяр хүргэлээ. Баярын хурлыг нээж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболд үг хэлж уурхайчдадаа болон уригдсан зочдод баярын мэндчилгээ дэвшүүллээ. Дараа нь Уул уурхайн салбарт тэр тусмаа Багануур ХК-нд олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо галыг манах их үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан эрхэм уурхайчдын шагналыг гардууллаа. Баярын хурлын шагнал гардуулах ёслол үргэлжилж Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын болоод эрчим хүчний салбарын шагналаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа уурхайчдыг шагналаа. Мөн 2025 онд ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлэн манлайлж ажилласан оны шилдэг ажилтнуудад хөдөлмөрийн аварга, оны тэргүүний ажилтны шагналыг гардуулснаар шагналын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Уурхайчдын баяр дээр баяр нэмж дуучин Н.Наагий, Б.Баярцэцэг нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барьснаас гадна Багануур ХК-ийн уурхайчин уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлснээр уурхайчдын баярын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Share this story!