УУРХАЙЧИД САЙН ДУРААРАА ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯНЫГ 7 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- Posted on
- admin
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн явуулын баг өнөөдөр /2025.05.21/ Багануур ХК-д ажиллаж “Дусал цус-Дүүрэн амьдрал” аяныг өрнүүллээ. Эрдэнэт хүний амийг аврах чухал үйлсэд 94 уурхайчин хувь нэмрээ оруулж сайн дураараа цусаа бэлэглэлээ. Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж, цусны донор болж хүмүүнлэгийн үйлс бүтээсэн уурхайчин хамт олондоо талархал илэрхийлье. ЦССҮТ-д хоёр болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудыг “Цусны донор” хэмээн өргөмжилдөг. Мөн 10 болон түүнээс дээш удаа тогтмол цусаа бэлэглэж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд тустай хүмүүнлэгийн үйлс бүтээсэн иргэдэд цусны донор “Бахархал 10”, “Бахархал 20” болон 30, 40, 50 тэмдгээр алдаршуулан урамшуулдаг байна. Өнөөдөр Багануур ХК-ийн 2 ажилтан “Бахархал” тэмдгээр энгэрээ мялаалаа. Үүнд: 20 удаа бусдад цусаа бэлэглэсэн Үйлдвэр зохион байгуулалтын албаны диспетчер Н.Мөнхтүшиг “Бахархал 20” тэмдэг, 10 удаа бусдад цусаа бэлэглэсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй, Байгаль Орчны Хяналтын хэлтсийн үйлдвэрийн бага эмч Б.Энхмаа “Бахархал 10” тэмдгийн эзэн боллоо. Бусдад амьдрал бэлэглэх сайхан сэтгэл өвөрлөн тогтмол цусаа өгч “Бахархал” болсон уурхайчдадаа баяр хүргэж талархал илэрхийлье.
