ЦЭРГИЙН ХҮҮ ИРЖ ТЭМЦЭЭНДЭЭ ОРОЛЦОВ

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уулын отряд буюу Хилийн цэргийн 0129-р ангид алба хааж буй түрүүч Эрдэнэбатын Төгөлдөр уурхайчдын 15 дугаар спортын наадмын нээлт, волейболын тэмцээнд ирж оролцлоо.

Тэрээр Багануур ХК-ийн Технологийн автомашины засварын хэсгийн засварчнаар ажилладаг бөгөөд 2023 оны 10-р сард хугацаат цэргийн албанд татагдан улс эх орныхоо гал голомтыг сахин бадраах уурхайчны албаа нэг жилийн хугацаагаар сольж, эх орныхоо дархан хилийг хамгаалж буй уурхайчин цэрэг юм.

Залуу уурхайчин, Багануур ХК-ийн дэргэдэх волейболын клубын тамирчин, түрүүч Э.Төгөлдөр цэргийн албаа амжилттай сайн хааж байгаа тул байгууллагынхаа спортын наадамд оролцох чөлөөгөөр шагнуулаад ирсэн энэ.

Түүнийг спортын наадмын нээлтийн үеэр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал шагнаж, хүндэтгэл үзүүллээ.

Компанийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороотой байгуулсан хамтын гэрээнд хугацаат цэргийн албанд татагдсан ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах заалт бий. Э.Төгөлдөр цэргийн албаа хааж ирээд шууд уурхайдаа үргэлжлүүлэн ажиллах юм.

Share this story!