ҮЙЛДВЭР УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧ БАТ-ЭРДЭНИЙН ЗАГАРХОРЛОО ТОГООЧ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА.

Багануур ХК, Налайх дүүрэг дэх Политехникийн коллеж, Трансвест Монголиа ХХК-тай хамтран зохион байгуулсан ур чадварын уралдааны 3 дахь төрөл тогооч мэргэжлээр суралцагчдын дунд болсон юм. Ирээдүйн мэргэжлийн тогооч нарыг бэлтгэн төгсөгдөг мэргэжлийн сургуулиудын дунд ур чадварын уралдаан зохион байгуулснаар суралцагчид орчин үеийн хоол, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний арга технологиос харилцан суралцаж, хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Тогооч мэргэжлийн ур чадварын уралдаанд Сүхбаатар, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Хэнтий, Налайх, Улаанбаатар хот дахь Үйлдвэр урлалын политехник коллеж, Шинэ иргэншил, Батлан хамгаалах МСҮТ зэрэг 9 сургуулиас шалгаран ирсэн 13 оролцогч ур чадвар, мэдрэмжээ сорин өрсөлдлөө. Уралдаанд оролцогчид удирдамжийн дагуу Багануур ХК-ийн 45 жилийн ойн агуулга бүхий хоол зууш хийх гэрийн даалгавар гүйцэтгэн ирсэнээс гадна өгөгдсөн түүхий эд, материалыг ашиглан нэг төрлийн салат, нэг төрлийн үндсэн хоол хийх даалгаварыг гүйцэтгэлээ.

Тогооч мэргэжлийн уралдааны шүүгчээр Хоол үйлдвэрлэлийн тохнологич инженер, хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, доктор профессор Р.Дарьхүү, Монголын тогооч нарын холбооны Багануур дүүрэг дэх салбар зөвлөлийн тэргүүн, Монгол улсын мастер тогооч, үндэсний үнэлгээчин Г.Пагмадулам, VEG сургалтын төвийн захирал, хоолзүйч, шим судлалын багш Н.Оюундарь нар ажилласан. Мэргэжлийн шүүгч нар уралдаанд оролцогчдын ажилбарыг технологийн дагуу хийгдсэн байдал, порцны хэмжээ таарсан эсэх, даалгавар гүйцэтгэсэн хугацаа, аюулгүй байдлыг хангасан эсэх зэрэг үзүүлэлтээр дүгнэн байр эзлүүлсэн байна.

Уралдааны тэргүүн байранд 89 оноогоор Үйлдвэр Урлалын политехник коллежийн суралцагч Бат-Эрдэнийн Загархорлоо шалгарсан бол дэд байранд 85.2 оноогоор Хэнтий политехник коллежийн суралцагч Батцэнгэлийн Мөнхбилэг, гуравдугаар байранд 81,8 оноогоор Өмнөговь политехник коллежийн суралцагч Ариунтунгалагийн Ууганзаяа нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Тус уралдааныг зохион байгуулах бүх нөхцөл боломжийг бүрдүүлж, чухал үүрэг гүйцэтгэн хамтран ажилласан О.Батмөнх захиралтай Багануур-Сувилал ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

Share this story!