2023 ОНЫ БАЛАНСЫН ХУРАЛ ӨЧИГДӨР БОЛЛОО.

Хурлаар Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Багануур ХК-ийн 2023 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан, уулын ажлын тайлагнал, орлого, зардлын гүйлгээний талаар Санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн нягтлан, эдийн засагчид удирдлагын багт танилцуулж хэлэлцүүллээ.

Тайлант онд Багануур ХК нийт 47.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсний 26 тэрбумыг улсын төсөвт, 21.1 тэрбумыг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь Багануур дүүргийн татварын нийт орлогын 60 хувийг бүрдүүлсэн байна. Татварын нийт дүнг ажилтнуудын тоонд харьцуулвал нэг уурхайчин жилд 42 сая төгрөгийн татвар төлжээ.

Урт хугацаат өр төлбөр 112.5 тэрбум, богино хугацаат өр төлбөр 130.4 тэрбум. Богино хугацаат өр төлбөрийн хамгийн их буюу 16.6 тэрбумыг Эрдэнэс Монгол ХХК-ийн менежментийн төлбөр эзэлж байгаа юм. 2023 оны 1-р сард 339 компанид өр төлбөртэй бсан бол жилийн эцсийн байдлаар 203 компанийн өр төлбөрийг барагдуулж, 136 компанид өр төлбөртэй үлдсэн байна.

Өнгөрсөн онуудад хуримтлагдаад байсан ажилтнуудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын өрийг хуваарь гарган бууруулж одоогоор 2023 оны 11,12-р сар, 2024 оны 1,2-р сарын төлөлт үлдсэн. Энэ оны 6-р сарын 15-ны өдөр гэхэд эдгээр өр төлбөрийг бүрэн төлж дуусгахаар зорилт тавин ажиллаж байна.

2022 онд 69 тендер зарласнаас 29 нь амжилттай болж байсан бол, 2023 онд 156 тендер зарласнаас 124 нь амжилттай болсон. Энэ нь Багануур ХК харилцагчдынхаа итгэлийг нэмэгдүүлсэн үйл явдал хэдий ч цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн найдвартай явуулахын тулд нүүрсний үнийг нэмэгдүүлж, мөнгөн хөрөнгийн дутагдлыг бууруулах нэн шаардлагатай хэмээн танилцууллаа.

Хурлын төгсгөлд компанийн удирдлагууд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, үр дүн, алдаа дутагдал, амжилт ололттоо хэлэлцсэн үр дүнтэй хурал боллоо гэж дүгнээд, цаашид авлага бууруулах, өр төлбөртэй бэлтгэн нийлүүлэгчийн тоог бууруулах, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг мөрдөж ажиллах зэрэг анхаарч ажиллах ажлын үүрэг даалгавар өгснөөр балансын хурал өндөрлөлөө.

Share this story!