Хайруу өвөл хаяанд ирэхээр дээр дооргүй уурхай уурхайчдаа санадаг гэхэд хилсдэхгүй. Станцуудын гадаах нүүрсний нөөц, уурхайн авахад бэлэн нүүрсний нөөц ямар байна гээд салбарын яамдуудын анхаарлаа хандуулдаг цаг өдийд л байдаг. Улс даяараа өвлийг өнтэй давах эсэх нь уурхай уурхайчдаас шалтгаалдаг болохоор арга ч үгүй бизээ.
Харин уурхайчид өвлийн тэсгим хүйтэн, зуны шатам халууны алинд ч 24 цаг тасралтгүй ажилласаар л байдаг.
Өвлийн бэлтгэлээ зун, намрын цагт базааж зогсолт сааталгүй ажиллахыг эрмэлздэг Багануурын уурхайчид 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлынхаа төлөвлөгөөг амжилттай биелүүлж одоогийн байдлаар 96 хувьд хүргээд байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11-р сарын хоёрдугаар арав хоногоос зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 2–4°С-аар хүйтрэх төлөвтэй байна гэж мэдээлэв.
Гэтэл Багануур дүүрэгт 10-р сарын 30, 31, 11-р сарын 1-ний өдөр цас орж, 8 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтоод байна.
Өнгөрсөн 2022 онд Багануур дүүрэгт 20-22 удаа цас орж, дунджаар 37 см зузаан цасан бүрхүүл тогтож, шөнөдөө -37…-43 хэм хүртэл хүйтэрсэн, сүүлийн 30 жилд байгаагүй хүйтэн өвөл байв. Энэ өвөл ч өнгөрсөн жилийнх шиг их цастай олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж мэдэхээр байна.
Гэсэн ч уурхайчид сэтгэлийн илч, итгэлийн хүчээрээ Монгол улсын эрчим хүчний салбарын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийн төлөө хичээн ажилласаар л байна…