2024 ОНЫ 3-Р УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Багануур ХК-ийн 2024 оны эхний 3 улирлын санхүүгийн үйл ажиллагааны тайлан, орлого, зардлын гүйлгээний талаар Санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн нягтлан, эдийн засагчид удирдлагын багт танилцуулж хэлэлцүүллээ.

Тайлант хугацаанд Багануур ХК нийт 21.6 сая м3 уулын цулын ажил хийж, 13.3 сая м3 хөрс хуулж, 3.4 сая.тн нүүрс олборлон борлуулсан байна. 2024 оны 3-р улиралд зорилтот түвшний нийт 17 үзүүлэлтээс 11 зорилт 100-аас дээш хувиар биелсэн бол 6 зорилт 100-аас доош хувьтай, нийт дүнгээр 98.0 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа үзүүлэлттэй. Зорилтот түвшинд хүрч чадаагүй ажлуудаас дурдвал: Уулын цулын төлөвлөгөө 98.1 хувь, төсөвт төлөх татвар 88.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нүүрсний үнэ өртгийн зөрүүнээс үүдэлтэй шалтгаанаар эдгээр ажлууд зорилтот түвшиндээ хүрч чадаагүй ч компани дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн дайчлах зорилттойгоор ажиллаж байна. Үүний үр дүнд ажлын цаг ашиглалт компанийн хэмжээнд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дунджаар 4 хувь өссөн, хөдөлмөрийн бүтээмж мөн өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 2.6 хувиар нэмэгдсэн байна.

Багануур ХК нийт 259.4 тэрбум төгрөгийн урт болон богино хугацаат өр төлбөртэйгөөс богино хугацаат өр төлбөр 148.7 тэрбум, урт хугацаатай 110.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна хэмээн тайлагналаа. 2024 оны эхний 3 улирлын байдлаар орон нутгийн төсөвт 6.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.

Хурлын төгсгөлд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн дүрэм журмыг тогтмол хэрэгжүүлэн ажиллах, тоног төхөөрөмжүүдийн найдвартай байдлыг хангахад анхаарах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, авлага, өр төлбөрийг бууруулах, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн, Эрдэнэс Монгол Нэгдэл, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн баталсан алдагдлыг төлөвлөгөөнөөс хэтрүүлэхгүй байх зэрэг үүрэг даалгавар, зөвлөмжүүдийг холбогдох мэргэжилтнүүдэд өгснөөр тайлангийн хурал өндөрлөлөө.

Share this story!