660 АЖИЛТАНТАЙ УУЛЗАЖ, 300 ОРЧИМ САНАЛ ХҮСЭЛТЭД ХАРИУЛТ ӨГСӨН УУЛЗАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Өнгөрөгч 7 хоногт компанийн захиргаанаас 2024 оны бизнес төлөвлөгөө түүнтэй уялдсан жилийн ажлын төлөвлөлт, шинэчлэгдсэн цалингийн сүлжил, уурхайчдынхаа эрүүл мэндийн чиглэлээр баримтлах бодлогоо нийт ажилтнуудадаа танилцуулж, ажилтнуудынхаа санал хүсэлтийг сонсож, хариу тайлбар өглөө. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, Хүний Хөгжил Судалгаа Эрхэлсэн дэд захирал Д.Даваадаш нарын тэргүүтэй ажлын хэсэг бүх хэсэг нэгжүүдээр явж, нийт 660 ажилтанд мэдээлэл өгч, 139 хүний 299 асуулт, саналд хариу өгч ажиллалаа. Ажилтнуудадаа хүргэсэн мэдээллийн эхэнд 2023 оны 12-р сарын 28-ны өдөр компанийн ТУЗ-ийн хурлаар батлагдсан 2024 оны бизнес төлөвлөгөө, үүнтэй уялдуулан төлөвлөсөн үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцууллаа. Багануур ХК 2024 онд 1122 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4.7 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй ажиллана. Дараа нь 2006 оноос хойш шинэчлэгдээгүй байсан цалингийн сүлжлийг шинэчилж 2023 оны 11-р сараас мөрдөж эхэлсэн. Цалингийн сүлжлийг шинэчилснээр ижил ажилд адил цалин олгох, хувь хүнд бус ажлын байранд тохирсон цалин хөлс олгох, ажил мэргэжлийг зэрэглэж ялгааг гаргах зэрэг олон давуу талтай тухай мэдээлэл өглөө. 2024 оны 01-р сарын 02-ны өдрөөс уурхайчдад хоолоор үйлчилдэг бүх хоолны газруудын хоолны цэсийг өөрчилсөн. Ажилтнуудынхаа эрүүл мэндийн төлөө хоолны цэсийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн тухай мөн танилцууллаа. Тодруулбал 2023 онд нийт 1104 ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсаны 737 ажилтан нь ходоодны дурангийн шинжилгээ хийлгэсэн. Эдгээр хүмүүсийн багагүй хувь нь хоол боловсруулах замын өөрчлөлттэй гэсэн хариу гарсан тул ажилтнуудаа ажлын байран дээрээ эрүүл мэндэд тустай хоол идэх нөхцлийг бүрдүүлэх эхний алхамыг хийсэн юм. Ийнхүү шинэ оны эхэнд компанийн захиргаа нийт ажилтнуудадаа 2024 оны зорилго зорилтоо танилцууллаа. Харин ажилтнуудын асуулт, санал хэсэг нэгж тус бүрийн онцлогоос хамаарч өөр өөр байсан хэдий ч олонхи нь нүүрсний үнийг хэрхэн нэмэгдүүлэх, компанийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага, компаниудын цалингийн жишигт ажилтнуудынхаа цалинг ойртуулах боломжтой эсэх талаар асууж, татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийг богино хугацаанд төлж барагдуулахыг гүйцэтгэх удирдлагаас шаардаж байв. Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК өнөөдөр нэг тонн нүүрсийг 48800 төгрөгөөр олборлоод 43300 төгрөгөөр цахилгаан стациудад нийлүүлж, тонн тутамдаа 5500-6000 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Төр нүүрсний үнийг хатуу барьж, уурхайнуудаас нүүрсийг өөрийн өртөгөөс нь доогуур үнээр авч хэрэглэсээр байтал уурхайнуудын алдагдал жилээс жилд нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Багануур ХК-ийн урт болон богино хугацаат хуримтлагдсан өр 245 тэрбум болсон. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд 45 жилийн хугацаанд төрөөс нэг ч төгрөгийн татаас авахгүй өнөөдрийг хүрсэн. Нөгөөтэйгүүр Багануур ХК-ийн нийгэмд үзүүлсэн хөнгөлт зөвхөн 2023 онд гэхэд 725 тэрбум төгрөг. Төр нүүрсний үнийг өртөгт нь хүртэл нэмэгдүүлвэл уурхай ашигтай биш ч алдагдалгүй ажиллах боломжтой болно. Ингэснээр уурхайчдын ажлын байрны орчин нөхцөл сайжрах, үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл буурах зэрэг боломж бүрдэх юм.

Share this story!