ASIAN PACIFIC CUP- 2025 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД УУРХАЙЧИН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2025 оны 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Сингапур улсад болсон Aзи Номхон далайн орнуудын 13 дахь удаагийн цомын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний U12 насны охидын ангилалд Монгол улсын шигшээ баг Мөнгөн медаль хүртсэн байна. Монгол Улсаас U12 насны охидын ангилалд оролцсон “Emura” багийн бүрэлдэхүүнд Багануур Хувьцаат компанийн “Уурхайчин” спорт цогцолборын дэргэдэх өсвөрийн сагсан бөмбөгийн “Raids club”-ийн тамирчин Уранбаатарын Ариунгоо, Бямбадоржийн Хулан, Энхбаярын Номин-Эрдэнэ нар шалгаран явсан юм. Тус тэмцээний “ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор У.Ариунгоо шалгарчээ. Тэмцээнд Австрали, Бангладеш, Хятад, Гуам, Хонг Конг, Энэтхэг, Индонез, Япон, Макао, Малайз, Монгол, Пакистан, Филиппин, Сингапур, Тайланд, АНЭУ, АНУ, Вьетнам зэрэг улс орнуудын баг тамирчид өрсөлдсөн байна. Олон улсын анхны тэмцээндээ амжилттай оролцож Мөнгөн медалийн эзэд болсон өсвөрийн тамирчдадаа халуун баяр хүргэе. Монгол улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож, амжилт гаргасан эдгээр тамирчдад сагсан бөмбөгийн “А” үсэг зааж, шавь нарынхаа бэлтгэл сургуулилтыг тогтмол хийлгэж, амжилтад хөтөлсөн “Уурхайчин” спорт цогцолборын сагсан бөмбөгийн дасгалжуулагч Т.Билгүүнбаатартаа баяр хүргэж, талархал илэрхийлье.

Share this story!