УУРХАЙЧДЫН ХҮҮХДИЙН БАЯР БОЛЛОО

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн уурхайчин хамт олон өнөөдөр хүүхэд багачуудаа баярлуулж, дуу хуур, инээд хөөр цалгисан баяр баясалтай нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Багануур ХК хүүхдийн баярын арга хэмжээг гурван хэсэгт зохион байгууллаа. Компанийнхаа гадна талбайд нээлтийн үйл ажиллагаа, “Open mic” дууны уралдаан зохион байгуулж, техникийн үзэсгэлэн гаргалаа. “Алтан уурхай” их танхимдаа хэдхэн хоногийн өмнө кино театруудаар нээлтээ хийсэн “Бэрх шагай” Монголын уран сайхны киног гаргаж бүх насны хүүхдүүдэдээ үзүүллээ. Харин “Уурхайчин” спорт цогцолборт компанийн дэргэдэх спорт клубууд, залуучуудын зөвлөлтэйгөө хамтран нас насны ангилалаар төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгууллаа.

– 0-5 насны хүүхдүүдэд цагираг шидэх

– 4-5 нас, 6-7 насны хүүхдүүдэд аяга өрөлт

– 8-10 насны хүүхдүүдэд хөл бөмбөг

– 11-12 насны хүүхдүүдэд хоккей

– 13-аас дээш насны хүүхдүүдэд корнхолл

– 13-14 насны хүүхдүүдэд волейбол

– 15-аас дээш насны хүүхдүүдэд дартс

– 15-18 насны хүүхдүүдэд 3Х3 сагсан бөмбөг

Уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргасан болон оролцсон бүх хүүхдүүдэд клубуудын тамирчин, уурхайчин ах эгч нар нь баярын бэлэг өгч хүүхдүүдээ баярлуулсан юм.

Түүнчлэн аав ээжийнхээ ажил дээр ирж, шинэ дурсамж бүтээсэн хүүхэд бүрийг зайрмаг, ундаа жүүс, бялуу, жигнэмэгээр дайлсанд хүүхэд бүхэн баяртай байв. Ингэж зохион байгуулсан нь баярын үйл ажиллагаанд олон хүүхэд оролцуулах, хүүхэд бүрийг баярлуулах өргөн боломж нээсэн тааламжтай шийдэл болсныг уурхайчин аав ээжүүд онцолж, талархалтай байлаа.

Багануурын уурхайчдын хүүхдүүд энэ жилийн хүүхдийн баяраа ийнхүү хамтдаа, хөгжилтэй, дурсамж дүүрэн тэмдэглэлээ.

Share this story!