Миний аав энэ уурхайд экскаваторчин, тэсэлгээчин, засварчин, жолооч, инженер, гагнуурчин.., миний ээж кранчин, эмч, нярав, диспетчер, би аавынхаа ээжийнхээ ажил дээр урьд нь ирж байсан, би огт ирж байгаагүй гэж хөөрөлдсөн 150 гаруй хүүхэд Багануур ХК-ийн захиргааны байрны урд талбайд автобуснаас бууцгаав. Тэд бол Багануур дүүргийн ерөнхий боловсролын 3 сургуулийн 10,11-р ангид суралцдаг уурхайчдын хүүхдүүд. Багануур ХК-иас зохион байгуулж буй өдөрлөгт оролцохоор ирж буй нь энэ. Багануур ХК-ийн захиргаанаас уурхайчдынхаа хүүхдүүдэд компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж, уул уурхайн мэргэжил сонгохоор зэхэж буй сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 2022 оны 04-р сарын 20-ны өдөр өдөрлөг зохион байгуулсан юм. Хүүхдүүдийн зарим нь ирээдүйд эзэмших мэргэжлээ хэдийн тодорхойлоод тэр чиглэлээрээ хичээл сонголтоо хийчихсэн бол зарим нь хараахан шийдэж амжаагүй гэж байв. Улс орны эдийн засгийг тэтгэж буй гол салбар болох уул уурхайн салбарт ажилладаг хүн болохыг мөрөөдөн энэ чиглэлээр мэргэжил эзэмшихийг зорьж буй хүүхдүүдэд мэргэжлийн баримжаа өгөх нь энэхүү өдөрлөгийн зорилго юм. Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу хүүхдүүд эхлээд гадны зочдын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг харах цэгт очиж олборлолтын үйл ажиллагааг харав. Дараа нь уулын тоног төхөөрөмжийн засварын хэсэг, технологийн авто машин механизмын засварын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Зарим нь аав, ээжтэйгээ уулзаж зургаа татуулав. Мөн компанийн түүхэн хөгжлийн танхим, хөл бөмбөгийн алдрын танхимыг үзэж танилцаад хурлын зааланд орж мэргэжлийн инженерүүдтэй уулзалт хийв. Уул уурхайн мэргэжил сонгох хүүхдүүд ямар хичээлийг илүү түлхүү судлах вэ? Хэрхэн ЭЕШ-д бэлдэх вэ?, Уурхайчин хүний ажлын онцлог, бахархалтай зүйлүүд зэрэг сэдвээр амжилттай ажиллаж байгаа инженерүүдийн яриа, зөвлөгөө мэдээлэл хүүхдүүдэд сонирхолтой санагдсан нь дамжиггүй ээ. Цаг агаар таагүй, салхи ихтэй өдөр таарсан тул хүүхдүүд хөтөлбөрийн дагуу олборлолтын үйл ажиллагаатай бүрэн танилцаж чадаагүй ч аав минь, ээж минь цас бороо, салхи шуурга, цаг агаарын ямарч нөхцлийг үл ажран өдөр шөнөгүй зогсох эрхгүй ажилладаг юм байна гэх хайр шингэсэн харцтай, эх орондоо ийм их ач холбогдолтой энэ том уурхайд ажилладаг шүү дээ гэсэн бахархалтай, удахгүй уурхайчин болоод ирнээ гэх мөрөөдөлтэй гэрийн зүг жолоо заллаа.