ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Багануур ХК, дүүргийн ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө Багануур дүүргийн төр захиргааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг жил бүр байгуулан хийх ажлаа төлөвлөн хэрэгжүүлдэг.

2024 онд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар үзэглэлээ.

Тэд эхлээд өнгөрөгч 2023 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг 98 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн хэмээн дүгнэв. Түүнчлэн 2023 оноос эхлэн санамж бичигт тусган хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа талууд хариуцлагатайгаар гүйцэтгэж, үр дүнтэй байгааг онцоллоо.

2024 онд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талуудын хэрэгжүүлэх ажлуудаас дурьдвал:

Дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс

– Засгийн газар, Яам агентлаг, нийслэлийн түвшинд “Багануур” ХК-ийн холбогдолтой асуудлыг уламжлан хамтран ажиллах,

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Багануур” ХК-ийн “Нэг сая мод” тарих ажлыг дэмжин, ногоон төгөл бий болгох 16 га газрын асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд санал оруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллах г.м

Багануур ХК-ийн зүгээс

– Монгол Улсын Засгийн Газрын Хот хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх,

– Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг ослын үед өөрийн байгууллагын автомашин, техник хэрэгслээр дэмжих

-“Төмөр динозавр” музей, соёл амралтын хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах г.м

Талууд хамтран хэрэгжүүлэх

– Нийтийг хамарсан олон нийтийн үйл ажиллагаанд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх

– Дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх г.м

Цаашид талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, дүүрэгт төдийгүй уурхайд хэрэгтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллах, Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, дүүргийнхээ иргэдийг амралт чөлөөт цагаараа биеийн тамираар хичээллэх боломжийг бүрдүүлж, соёл амралтын хүрээлэн байгуулах, өвлийн спортын битүү дээвэртэй ордон, хөл бөмбөгийн задгай талбай байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх боломж бололцоо, гарц гаргалгааг хамтран эрэлхийлэхээр санал солилцлоо.

Share this story!